Улсын төсвөөр хэрэгжүүлсэн төсөлд магадлал хийх хугацаа ирэх сарын 01-нд дуусна
2022-07-20

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барьсан компаниуд цар тахлын хүндрэлээс үүдэн төсөв хүрэлцэхгүй нөхцөл байдалтай тулгарсан. Үүнээс үүдэн барилгын компаниуд БХБЯ, Засгийн газарт удаа дараа хандаж, төсөв нэмэх шаардлагыг тавьсан юм.

 

 

Энэ дагуу улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгуудад магадлал хийж байна. БХБЯ-наас 800 гаруй төсөл арга хэмжээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлах шаардлагатай гэж үзсэн. Үүнээс 534 төсөл, арга хэмжээнд Барилгын хөгжлийн төв, Зам  тээврийн хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв магадлал хийж, 2023 оны төсөвт 274.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг Засгийн газар, Төсвийн байнгын хороонд танилцуулаад байна.

 

Харин үлдсэн 371 төсөл, арга хэмжээнд магадлал хийж, үнийн өсөлтийг тооцох хугацаа 08 дугаар сарын 01-нд дуусна. Тиймээс гүйцэтгэгчид энэ хугацаанаас өмнө амжиж материалаа ирүүлэх шаардлагатай байгааг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин