Аагим халууны улмаас Нидерланд, Франц усны хомстолд орох аюул нүүрлэжээ
2022-08-04

Ган гачиг нүүрлэсний улмаас ундны ус хомстож байгаа талаар Нидерланд, Францын эрх баригчид мэдэгджээ. NBC агентлагийн дамжуулснаар, "бүс нутгийн төвшинд биш харин үндэсний хэмжээнд шийдвэр гаргах шаардлагатай" байдалд хүртлээ нөхцөл байдал хүндэрсэн гэж Нидерландын Дэд бүтэц, усны нөөцийн сайд Марк Харберс мэдэгдсэн байна. 

 

Одоогоор ундны ус хангалттай байгаа ч амин чухал нөөц хомстох эрсдлээс зайлсхийх талаар бодож эхлэх ёстой хэмээн Марк Херберс анхааруулжээ. "Тиймээс л машинаа угаах эсвэл хүүхдийн усан санг усаар дүүргэхээсээ өмнө хоёронтоо бодож үзэхийг та бүхнээс хүсэж байна" хэмээн Марк Херберс мэдэгдсэн байна.

 

Нидерланд улсад усны хомстол нүүрлэхээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүд болон усны нөөцийн зөвлөлийн төлөөлөгчдийн хамтарсан тусгай бүлэг байгуулагджээ. Ийнхүү ус ховордсон нь Нидерландад сүүлийн 100 жилд тохиож буй тав дахь удаагийн тохиолдол гэнэ. Одоо энэ улсад хоёрдугаар төвшний ган гачиг нүүрлэсэн аж. 

 

Харин Францын тухайд хэд хэдэн мужид ган гачгийн талаарх сэрэмжлүүлэг гараагүй ч Парисын бүс нутагт хур тунадас бага, голын усны төвшин буурсан талаар анхааруулсан байна. Хэт халууны улмаас усны нөөц хомстож болзошгүй тул Францад автомашин, зам, явган зам угаах, ногоон байгууламж услах, ахуйн усны хэрэглээг хязгаарлажээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин