Эрдэмтэд: Европт сүүлийн 500 жил ийм ган тохиож байсангүй
2022-08-24

Европт нүүрлэсэн ган гачигтай холбоотойгоор эрдэмтдийн судалгаа бүхий илтгэлийг Еврокомиссын Нэгдсэн судалгааны төв танилцуулжээ. Энэ илтгэлд Европ тивийн нутаг дэвсгэрийн гуравны хоёрт нь сүүлийн 500 жилд тохиож байгаагүй их ган гачиг нүүрлэсэн, цаашид энэ байдал даамжирж болзошгүй гэсэн эрдэмтдийн дүгнэлт багтсан байна. 

 

Итали, Испани, Португали, Франц, Герман, Нидерланд, Бельги, Люксембург, Румын, Унгар, Серби, Украин, Молдав, Ирланд, Их Британи гэсэн улс орнуудад нөхцөл байдал нэн хүнд байгаа гэнэ. Эдгээр орнууд нь Европ тивийн нийт нутаг дэвсгэрийн 47 хувийг эзлэж байгаа бөгөөд эндэхийн хөрс энэ зун бүрэн хатсан гэж илтгэлийн зохиогчид мэдэгджээ.

 

Цаашлаад энэхүү ган гачиг ургацанд ихээхэн нөлөөлж, ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд анхааруулсан байна. Өмнөх таван жилтэй харьцуулахад энэ онд эрдэнэшишийн ургац 16 хувь, буурцаг 15 хувь, наранцэцгийн ургац 12 хувиар буурна гэж тооцоолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин