Сургуулийн автобусны тоо энэ онд 25-аар нэмэгджээ
2022-08-26

 

2022 он гарснаас хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Гэсэн хэдий ч суралцагчдын тоог хангаж гүйцэхгүй хэвээр байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 156 сургуульд 364091 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хүүхдийн тоо 24022-оор нэмэгдсэн гэсэн үг.

 

Ерөнхий боловсролын 41 сургуулийн ачаалал хүчин чадлаасаа хэтэрч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Тиймээс 20 сургуульд дотоод засвар тохижилт хийж, хоёр ээлжээр хичээллүүлэхээр болжээ. Харин 14 сургуулийн 6930 хүүхдийг суралцуулахаар түрээсийн байр судалж, нэг сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар эрчимжүүлж байгаа юм.

 

Түүнчлэн ЕБС-ийн сургалтын орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261 автобусаар 8740 сурагчийг гэрээс сургууль, сургуулиас гэр хооронд зөөвөрлөнө гэсэн судалгаа гарчээ. Энэ жил “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 25 автобус шинээр оруулж ирсэн бөгөөд цаашид 50 автобус нэмж авчрах юм.

 

Одоогийн байдлаар 101 автобусыг техникийн үзлэгт хамруулж буй юм байна. Үлдсэн автобуснуудыг энэ сардаа багтаан үзлэгт оруулж дуусгах аж. 102 сургуулийн сурагчдад үйлчилж буй 261 автобус дээр “Сургуулийн автобус” төслийн 25 автобусыг нэмж тооцвол ирэх хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 286 автобус сурагчдад тусгайлан үйлчлэх юм. 

Shuud.mn
Сонин хачин