Запорожийн АЦС-ын эрчим хүчний тав дахь блокийг зогсоожээ
2022-09-08

Станцад доголдол гарсны улмаас Запорожийн атомын цахилгаан станцын тавдугаар эрчим хүчний блокийг зогсоох шийдвэр гаргасан, зургадугаар блок бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байгаа гэж Энергодарын захиргааны тэргүүн Александр Волга мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. 

 

"Мазут алдагдсан нь атомын цахилгаан станцын ажиллагаанд огт нөлөөлөөгүй. Эрчим хүчний тавдугаар блокийг түр зогсоох шийдвэр гарсан. Зургадугаар блок хэсэгчилсэн байдлаар ажиллаж байгаа" хэмээн Волга мэдэгджээ. Түүнчлэн өнөөдөр станцын цаашдын ажиллагааны талаар шийдэх комисс цуглан хуралдах юм байна.

 

Өмнө нь, наймдугаар сарын 25-ны өдөр Запорожийн атомын цахилгаан станцын хоёр блокийг салгасан талаарх мэдээлэл гарч байв. Украины цэргүүд цохилт өгсний дараа ийнхүү блокийг салгасан гэж Оросын тал мэдээлж байлаа. Өнгөрсөн сард энэ станцын орчимд удаа дараа буун дуу гарч, сөргөлдөгч талууд үүнд нэг нэгнээ буруутгаж байсан юм.

 

Энд дуулгахад, Запорожийн АЦС нь Европын хамгийн том станцад тооцогддог. Украины Энергодар хотод байрлах энэ станцыг байгуулах шийдвэрийг 1977 онд гаргаж байжээ. 1979 онд станцын барилгын ажил эхэлснээр бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хурдасгасан байна. Энэ станцыг шат дараатайгаар байгуулж, 1989 онд тавдугаар эрчим хүчний блокийг , 1993 онд зургадугаар блокийг ашиглалтад оруулсан байна.

 

2014 оны байдлаар энэ станцад 11,5 мянга гаруй хүн ажиллаж байв. 20105 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Запорожийн АЦС нь эхний эрчим хүчний блокийг ашиглалтад оруулснаас хойш 1 их наяд кВтч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн дэлхийн анхны станц болсон юм.

 

Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын хоёрны өдөр түүхэндээ анх удаа хүчин чадлаа 100 хувь ашиглаж, 6040 МВт гэсэн үзүүлэлтэд хүрсэн бол үүнээс 20 хоногийн дараа 6140МВт хүчин чадалд хүрч, дээд амжилт тогтоож байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Би орос байсан бол путинийг буудаж алаад дэлхийн баатар болох байсан
2022-09-09