Ягаан өнгөтэй, 21 сая долларын үнэтэй очир эрдэнийг дуудлагаар худалдана
2022-09-08

Нэн гайхамшигт, хосгүй, ховор хэмээн шинжээчид үнэлдэг маш том ягаан очир эрдэнийг Дубайн очир эрдэнийн бирж дээр олон нийтэд үзүүлсэн  талаар Мир24 суваг мэдээлжээ. 

 

"Ягаан ирвэс" нэртэй, 11,15 карат, 21 сая орчим ам.долларын энэ очир эрдэнийг Танзанийн орд газраас олборложээ. Дубайд үзэсгэлэнд тавигдсаны дараа Сингапур, Тайбэйд үзэсгэлэнд гарах бол 10 дугаар сард Хонконгийн Sotheby's дуудлага худалдаанд тавигдах юм байна. Энэ очир эрдэнэ нэн цэвэр тул 21 сая долларыг давж, үнийн шинэ дээд амжилтыг тогтооно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

 

Sotheby's дуудлага худалдааны газрын мэдээлснээр, том жижгээс үл хамааран ягаан очир эрдэнэ олдоно гэдэг нь нэн ховор тохиолдол гэнэ. Сүүлийн жилүүдэд таван каратаас дээш жинтэй ягаан очир эрдэнийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа тул "Ягаан ирвэс" очир эрдэнэ ихээхэн үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин