А.Энхтамир: Контакт линз хуурай уур амьсгалд тохиромжгүй
2022-09-12

 

Хүний хамгийн чухал эрхтэн бол нүд билээ. Бид өдөр бүр амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ тэр бүү хэл хайртай хүмүүсээ өмнө чинь байгаагаар харж мэдэрч чадна гэдэг өөрөө гайхамшиг. Харин түүнийг бид нүд хэмээх эрхтний тусламжтайгаар тольдож чаддаг. Нүд гэрлийг мэдэрч, хүлээн аваад тархинд мэдээлэл дамжуулах үүрэг бүхий эрхтэн юм.  Хэрэв эвэрлэг бүрхэвч гэмтвэл нүдэнд харагдах гэрлийн тусгал өөрчлөгддөг учраас хүн хэвийн харж чадахаа больдог байна.

 

Хараа муудах үед заавал шил зүүх шаардлагатай гэх ойлголтыг үгүйсгэн эмэгтэйчүүдийн хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн зүйл бол нүдний линз. Сүүлийн үед нүдний линз охид, залуучуудын өдөр тутмын хэрэглээ болж, гоё өвөрмөц өнгөтэй линзүүд ч үнэтэй, хямдханаар худалдаалагдах болжээ.

 

Сүүлийн жилүүдэд хар, ногоон, цэнхэр, саарал гээд бид нүдний өнгөө өдөр бүр өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой болсон. Ингэхдээ нүдний линзний тусламжтайгаар гоёлын, харааны гээд олон төрлийн нүдний линзийг ашигладаг.

 

Ялангуяа охид, эмэгтэйчүүд нүдний линзийг хамгийн их хэрэглэдэг. Гэхдээ нүдний линзийг буруу хэрэглэснээс үүдэж нүдний өвчлөлд өртөх, цаашлаад хараагүй болох ч эрсдэл байгаа гэдгийг дэлхийн мэргэжлийн эмч нар судалгаа хийжээ.

 

Линзэнд зүүх ёстой хугацаа, арчлах тодорхой заавар гэж бий. Харин манайд энэ дэглэмийг баримталдаг хүмүүс маш цөөн. Зарим нь бүр линзтэйгээ унтчихдаг, нэг линзийг маш удаан ашигладаг.  Энэ мэтчилэн линзийг хэрэглэхдээ бид өөрсдөө мэдэлгүйгээр маш олон төрлийн алдаа гаргадаг байна. Энэ нь ч эргээд нүдэнд сөрөг үр дагавартай болохыг мэргэжлийн эмч нар онцолдог.

 

Жишээлбэл, нүүр будалт хийхийн өмнө линзээ зүүх ёстой байдаг байна. Учир нь сормуусны будаг, нүдний эргэн тойронд байгаа будгууд линзний гадаргуу дээр буудаг ба линз нүдний эвэрлэг хоёрын завсар будгийн ширхгүүд орсноор эвэрлэг бүрхүүлээ зурж гэмтээх эрсдэлтэй байдаг аж.

 

Линзний хэрэглээний талаар охид бүсгүйчүүд ямар ойлголттой явдгийг тодруулахад дараах байдлаар хариуллаа.

 

3.Отгон-Эрдэнэ

Миний хувьд линз зүүгээд зургаан сар болж байна. Шил зүүхэд их хэцүү санагддаг байсан учраас харааны линзийг сонгосон. Эхэндээ зүүхэд их тод амар санагддаг байсан. Гэсэн хэдий ч ажил мэргэжлийн шалтгаанаас болж линзээ тогтмол цэвэрлэж чаддаггүй байсан. Тийм болохоор долоо хоногийн 3-4 өдөрт тогтмол зүүдэг. Гэхдээ өдөр болгон зүүгээд байхаар нүд их ядарч, аргаж хуурайшаад байдаг.

 

О.Шинэцэцэг

Би анхандаа линз зүүсэн охидуудыг хараад зүүх юмсан гэсэн бодол их төрж байсан. Сонирхож үзээд линз авсан хэдий ч зүүж чадалгүй ураад хаячихсан. Түүнээс болоод дахиж зүүе гэж бодохоо больсон.

 

Б.Намуундарь

Өдөр бүр компьютерын ард суудаг учир нүдээ хамгаалж шил зүүдэг. Харин гадуур явахдаа харааны линзээ зүүдэг. Миний нүд маш их ядардаг. Хэдий линз зүүмээргүй санагддаг ч гэсэн зүүхгүй болохоор юм маш муу харагддаг. Аль болох нүдээ амрааж гэртээ байх үедээ утаснаасаа хол байх нь зөв санагддаг.

 

 

Бидний амьдралд харааны линз хэрэглэх зохистой хэрэглээний талаар 'Health eye' нүдний эмнэлгийн А.Энхтамир эмчтэй ярилцлаа.

 

 

-Нүдний шил, контакт линз хоёр ямар ялгаатай вэ?

 

-Хүмүүс нүдний шил, линз хоёрын аль нь сайн бэ гэж их асуудаг. Үүрэг зорилго нь ижилхэн л хараа засах бүтээгдэхүүнүүд. Аль алинд нь сайн, муу тал бий. Жишээлбэл мах бол хүнсний хэрэглээний үндсэн бүтээгдэхүүн. Харин хиам дараа нь гарсан энэ төрлийн бүтээгдэхүүн. Хүн хиам, мах алийг нь ч идсэн цадна. Үүнтэй адил нүдний шил мах шиг анхдагч нь юм. Линз дараа нь гарсан хиам гэсэн үг. Хүн алийг нь ч хэрэглэсэн харааны гажгийг засна.

 

-Өнгөтэй харааны линз, өнгөгүй харааны линз юугаараа ялгаатай вэ?

 

-Өнгөтэй харааны линз гоо сайхны зориулалтаар 2-4 цаг зүүх хугацаатай байдаг бол өнгөгүй линз нь хараа сайжруулахын тулд хэрэглэгддэг учир арай урт хугацаагаар зүүж болно.

 

-Тухайн хүн хараагаа шалгуулсны дараа алийг нь ч сонгож болох уу. Линз зүүж болохгүй хүн байдаг уу?

 

-Линз, шил хоёрын алийг сонгох нь тухайн хүний асуудал. Гэхдээ хэрэглэгчид аль нь тохирохыг мэргэжлийн хараа зүйчид зөвлөж өгснөөр сонголтоо хийх хэрэгтэй. Хараа зүйчийн талаас нүдний шилээр засаж болохгүй харааны гажгийг контакт линзээр засдаг. Энэ нь линзний нэг давуу тал. Мөн линз цантахгүй, нүдэнд дарамт үүсгэхгүй, гоо сайхны хувьд ч харагдах байдал нь энгийн гэх мэт шилнээс давуу талтай юм шиг хэрнээ зааврын дагуу хэрэглэхгүй бол нүдэнд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

 

Харин контакт линз зүүж болохгүй тохиолдол буюу нулимс, зовхины асуудалтай байвал харааны шил санал болгодог. Шилний хувьд хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх нь бага. Манайд линз худалдаалж буй зарим газар мэргэжлийн хараа зүйч, нүдний эмчгүй, түүгээр ч үл барам нарийн заавартай линзийг хэрэглэгчдэд сайн тайлбарлаж өгч чаддаггүй.

 

Зарсан линз нь тухайн хэрэглэгчийн нүдэнд тохирох эсэхийг шалгах үзлэг ч хийдэггүй. Зүүх гэж байгаа хүний сонирхолд хөтлөгдөн бүтээгдэхүүнээ зарахаа урьтал болгодог. Энэ байдлаас үүдэн нөгөө хүний эрүүл мэнд хохирч байгаа юм. Манайд зах зээлийн жамаар бүтээгдэхүүн нь ороод ирсэн ч хэрэглээг нь зөв таниулах асуудал их дутагдаж байгаа. Контакт линзний чиглэлээр мэргэшсэн хүн цөөхөн байдаг.

 

-Монголын нөхцөлд линзийг хэрэглэх нь хэр тохиромжтой вэ?

 

-Монгол орон бол хуурай, эрс тэрс уур амьсгалтай орон шүү дээ. Шороо тоос, хуурайшилт ихтэй. Хуурай нөхцөлд хуурайшилт үүсгэдэг зүйлийг хэрэглэж байна гэсэн үг. Иймд монгол орны уур амьсгалын нөхцөлд линзийг хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш.

 

-Нүдний линзнээс үүдэлтэй үүссэн асуудлаар иргэд хэр их ханддаг вэ?

 

-Би ямар линз зүүх хэрэгтэй вэ. Надад сонгоод өгөөч гээд ирдэг хүн нь цөөхөн. Харин линз зүүгээд нүдэнд зовуурь үүссэн үед хандах хүмүүс нь их байдаг. Ихэнхдээ линзтэйгээ унтсанаас, хугацаа хэтрүүлсэн, линзний буруу арчилгаа, буруу хэрэглээнээс үүдэлтэй асуудлаас ихэнхдээ ханддаг.

 

-Сүүлийн үед зонхилон тохиолдож байгаа нүдний ямар эмгэг байгаа вэ?

 

-Нүдний олон төрлийн эмгэг бий. Гэхдээ хамгийн санаа зовниж байгаа зүйл нь нүдний гэмтэл. Ялангуяа, залуучууд биеэ хянах боломжгүй буюу архидан согтуурсан үедээ бие биеэ гэмтээх тохиолдол гарч байна. Тиймээс залуус биеэ зөв авч явж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Нүд бол эмзэг эрхтэн. Гэмтлийн улмаас хараагаа алдсан харамсалтай тохиолдол гарч байна. Хос хараа ямар чухлыг хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Хоёр нүдээрээ нэгтгэн харж байж орон зайн бүрэн баримжаатай болдог.

 

Бид технологийн дэвшил, 3D, 4D гэж ярьдаг. Тэгвэл тэр технологийн дэвшил, бодит мэт дүрслэлийг мэдрэх мэдрэмжийг хос хараа өгдөг учраас нүдээ хайрлах хэрэгтэй. Түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах шаардлагатай байна. Ажиллахдаа нүд хамгаалах хэрэгслийг зайлшгүй хэрэглэж дадах нь зүйтэй. Зонхилон тохиолдох өвчин буюу болор цайх, нүдний даралт, удамшлын шинжтэй өвчний үед шаардлагатай арга хэмжээ, эмчилгээг хийж технологийн дэвшлийн ачаар нүдний олон төрлийн хагалгааг амжилттай хийдэг болсон. Гэхдээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь илүү чухал.

 

-Хараагаа хэрхэн сайжруулах ёстой вэ?

 

-Харааг яаж сайжруулах вэ гэхээс илүү сайн хараагаа яаж хадгалж үлдэх вэ гэдэгт анхаарах нь чухал. Дийлэнх нь л төрөлхийн сайн хараатай төрж байгаа шүү дээ. Тиймээс хүүхдийг агаар салхинд сайн гаргаж, өдөрт хоёр цаг наранд тоглуулах ёстой. Сургуулийн насны хүүхдэд зөв суулт, үзэг барилт, гэрэл тусгалт зэрэг нь их нөлөөлдөг.

 

Дэвтэр нүд хоорондох зайг маш сайн баримтлах ёстой. Хичээлээ хийх зуураа босож, цонхоор холын юмыг сайн харж, ойр холыг ээлжилж ширтэх дасгалуудыг сайн зааж өгөх хэрэгтэй. Мөн хичээлийн ширээг нь цонхоор нэвт харагддаг байхаар байрлуулж өгөх нь маш чухал. Оройн цагаар хичээл хийдэг бол ширээний гэрлийг нь их хурц биш, их бүдэг биш, 40-60 ваттын шар гэрэл тусгаж өгөх хэрэгтэй.

 

Томчуудын хувьд компьютер дээр ажиллаж байх хугацаандаа 10-20 секунд холыг хараад нүдний дасгал хийгээд буцаад ажлаа хийвэл зохистой. Компьютер удаан хархаар хүний нүдний ойрыг харах булчин нь ажиллаад, холдоо ажилладаг булчин нь эсрэгээрээ суларч байдаг. Тэгэхээр аль болох цонхоороо харагдаж байгаа хамгийн хол зүйлийг харж хэвших хэрэгтэй.

 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин