Путин Ши Жинпинь, У.Хүрэлсүх нартай уулзаж, хийн хоолой, байгаль орчныг хамгаалах талаар ярилцана
2022-09-14

Есдүгээр сарын 15-ны өдөр Узбекистаны Самарканд хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, хоёр талт уулзалтуудыг хийнэ гэж Путиний туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

"Манай улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын хурал дээр үг хэлж, байгууллагын өмнө тавигдсан зорилтуудтай холбоотой байр сууриа илэрхийлэхийн дээр ШХАБ-ын үйл ажиллагааг сайжруулах тал дээр зарим саналыг гаргана" хэмээн Ушаков мэдэгджээ.

 

Ушаковын мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтын хөтөлбөр есдүгээр сарын 15-ны үдэш эхлэх юм байна. Узбекистаны Ерөнхийлөгч албан бус оройн зоог зохион байгуулж, үүнд төрийн тэргүүнүүд оролцох аж. Ингээд есдүгээр сарын 16-ны өдөр уулзалтад оролцоохоор ирсэн төрийн тэргүүнд хамтдаа гэрэл зураг авахуулснаар дээд хэмжээний уулзалт эхэлж, дараа нь ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлэх хурал болох юм байна 

 

Ушаковын онцолсноор, дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр талт уулзалтууд хийхээр төлөвлөсөн гэнэ. Тэр дундаа Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нартай уулзах юм байна.

 

"Хятадын төрийн тэргүүнтэй уулзсаны дараа манай улсын Ерөнхийлөгч, Ши Жинпинь болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон, Орос-Хятад-Монгол уламжлалт гурван талт уулзалт болно" хэмээн Ушаков мэдээлжээ.

 

Энэ үеэр гурван талт хамтын ажиллагааны олон сэдвийг хөндөн ярилцах юм байна. 

 

"Одоо ажиллаж байгаа хилийн боомтуудыг өргөтгөх, шинээр боомт байгуулах, Монголын нутгаар дамжуулан Оросоос Хятад руу хий нийлүүлэх "Союз Восток" хийн хоолойг барихтай холбоотой алхмуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хүрээлэн буй орчныг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа" хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ушаков онцолжээ. 

 

Харин Ши Жинпиньтэй хийх хоёр талын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Украины нөхцөл байдлын талаар нухацтай ярилцах гэнэ.

 

"Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд энэхүү уулзалт онцгой ач холбогдолтой" хэмээн Ушаков цохон тэмдэглээд Самаркандад чухамхүү Орос, Хятадын харилцаанд ихээхэн анхаарал хандуулна хэмээн онцолжээ.

 

Үүний зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Орос, Хятадын төрийн тэргүүнүүд ярилцах аж.  Өнгөрсөн оны дүнгээр хоёр орны хоорондын бараа эргэлт 140 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ оны эхний долоон сарын байдлаар дахин дөрөвний нэгээр өссөн байна. Улмаар хоёр талын уулзалтаар худалдааны хамтын ажиллагааг цааш өргөжүүлэх талаар ярилцана гэж Ушаков мэдэгджээ.

 

Энд дуулгахад, ШХАБ нь  Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага бөгөөд  БНХАУ,  Казахстан, Киргиз, ОХУ,  Тажикистан, Узбекистан, Энэтхэг улс ШХАБ-ын гишүүн орнууд юм. Харин манай улс ажиглагчийн статустай, ОХУ, БНХАУ-ын талаас манай улсыг статусаа өөрчлөх, гишүүн орноор нэгдэх талаар удаа дараа уриалдаг ч Монгол Улсын хувьд ажиглагчийн статустай байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж судлаачид онцолдог.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!
2022-09-14
Ганц сургууль дээр дарамтлуулж бж юу нь хийн хоолой
2022-09-14