Хүн төрөлхтний харгислалыг илчилж хүүхдүүдээ аварсан Мэригийн түүх
2022-09-14

 

Эх хүн үр хүүхдийнхээ төлөө үхэхийг хүртэл хийж чадна гэдэг. Үүний жишээ болсон нэгэн гайхалтай ээжийн түүхийг та бүхэндээ хуваалцахаар бэлтгэлээ. Түүнийг Мэри Анн Вебстер гэдэг бөгөөд хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд асар их доромжлолыг амсаж, амьдралын хатуу гэх бүхнийг биеэр туулж гарсан нэгэн.

 

 

Мэри Лондон дахь өнөр өтгөн боловч ядуу тарчиг амьдралтай нэгэн айлд мэндэлсэн. Бага байхаасаа хоолоо олж идэхийн тулд ажил хөдөлмөр хийж эхэлсэн бөгөөд эмнэлэгт сувилагчаар ажилладаг байжээ. Тэрээр хүүхэд байхаасаа л олон хүүхэд төрүүлж, халуун дулаан уур амьсгалтай, аз жаргалаар бялхсан гэр бүлтэй болно гэж мөрөөддөг байв. Мэри 29 настайдаа Томас Бевантай гэрлэж 4 хүүхэд төрүүлжээ.

 

Гэвч түүний аз жаргал удаан үргэлжлээгүй байна. Мэри эрүүл мэндийн асуудалтай болж, мигрень, булчин, үе мөчний өвчнөөр шаналж эхлэв. Эмч нар ч түүнийг чухам ямар өвчнөөр өвдсөн, яагаад бие махбодод нь өөрчлөлт байгааг тайлбарлаж чадсангүй.

 

 

Мэригийн биед гарч эхэлсэн өөр нэг өөрчлөлт нь нүүрний хэвийн бус хөгжил юм. Түүнийг шаналгах болсон өвчин бол нейроэндокриний эмгэг бөгөөд энэ нь бие махбодод хэт их өсөлтийн даавар ялгаруулж, яс, дотоод эрхтэн, зөөлөн эдийн томролыг үүсгэдэг байна. Тус өвчний улмаас байнгын толгой болон булчингийн өвдөлтийг мэдэрдэг.

 

Өнөө үед бол энэхүү өвчнийг бүрэн гүйцэт эмчлэх боломжтой. Харин 20-р зуунд түүнд тусалж чадах эмч, мэргэжилтэн, тоног төхөөрөмж, арга ухаан гээд юу ч байгаагүй юм. Мэри өдөр ирэх тусам танихын аргагүй болон өөрчлөгдөж, харахаас ой гутам царайнаасаа болж сэтгэлийн асар их зовлон, шаналал эдэлж байв.

 

Түүний нөхөр эхнэртээ халамжтай, хэцүү үед нь дэм болж, хүнд хэцүү амьдралд нь гэрэл гэгээ гийгүүлэх нэгэн байсан ч удалгүй насан эцэслэжээ. Мэри бэлэвсэн эхнэр болон хоцорсон ч, үр хүүхдээ өлсгөлгүй өсгөх томоохон хариуцлагыг нуруундаа үүрэх болов.

 

Нөхөр нь нас барсны дараа Мэри ажил хийж мөнгө олох хэрэгтэй болсон учир олон газрын хаалгыг тогшсон ч, түүний гадаад төрхөөс болоод хэн ч түүнийг ажилд авахыг зөвшөөрөөгүй. Гудамжинд таарсан хүн бүр түүний царайг харан гайхширч, зарим нь шоолж доромжлох бол, хэсэг бүлэг хүмүүс чулуу шидэж, араатан чөтгөр гэхчлэн хөөн элдэнэ.

 

 

Тэдний амьдрал улам бүр доройтсоор байв. Нөхөр нь өөд болсноос хойш тэдэнд үмх мах олж идэх ч хэцүү болж, үрсээ турж эцэж байгааг харсан Мэри юу ч хамаагүй хийхээр шийдэж, ‘Хамгийн царай муутай бүсгүй’ гэх тэмцээнд орохоор болжээ. Учир нь тус тэмцээний тэргүүн байрын шагнал нь багагүй хэмжээний бэлэн мөнгө байсан юм.

 

Мэри тэмцээнд түрүүлэхэд ойрхон байсан ч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай элдэв худал нийтлэлүүд гаргаж орхисон. Гэсэн ч Мэри өөрийн сул талаа ашиглаад ч хамаагүй, мөнгө олох боломжтой юм байна гэдгийг ойлгож, циркт ажиллаж эхэлсэн байна.

 

1920 онд түүнийг АНУ-д ажиллахаар урьж, Coney Island-ийн циркт жүжигчнээр ажиллах болжээ. Тус нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүс бүгд өвөрмөц харагдана. Сахалтай эмэгтэй, одой болон аварга биетэй хүмүүс, сиамийн ихрүүд гээд л. Тэдний үүрэг бол өөрсдийн өвөрмөц байдлаар хүмүүсийг инээлгэж, нэг ёсондоо тэдний доог тохуу болох ёстой. Мэри тэдэн дундаас хамгийн алдартай нь байсан бөгөөд хүмүүс түүний содон төрхийг гоочилж, шоолж элэг хөштөл инээцгээнэ.

 

 

Гэсэн ч ядаж л үрсээ өлсгөхгүй сайн өсгөж байгаа гэх сэтгэлээр ажлаа илүү сайн хийж, мөнгө олох болжээ. Энэ зурган дээрээс ажиглахад Мэри хүүхдүүдээ их сайн хувцасласан байх аж. Тухайн үед студид ингэж зургаа авхуулна гэдэг хэр баргийн хүнд олдохгүй боломж.

 

Үүнээс харахад л тэр хичнээн хичээж, доромжлол амссан ч инээгээд үргэлжлүүлж, бие нь өвдөж байсан ч ажлаа хийж, үр хүүхдээ сайн сайхан өсгөж чадсан нь харагдана. Бүхий л амьдралаа хүүхдүүддээ зориулсан, тэдний сайн сайхны төлөө хүнд хэцүү бүхнийг даван туулсан нэгэн гайхалтай ээж 59 насандаа таалал төгсжээ.

 

Эх сурвалж: Dailynews.com

Shuud.mn
Сонин хачин