Путинийг огцрохыг шаардсан депутатууд ажилгүй болно
2022-09-14
Смольнинскийн депутатуудын нэг Никита Юферев  Путинийг огцрохыг шаардсан хуудас барин зогсож байна

Санкт-Петербургийн Смольнинскийн тойргийн депутатууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг огцрохыг шаардаж, үүнд Москвагийн депутатууд ч нэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

 

Путинийг огцрохыг шаардсан депутатуудын тоо нэмэгдэж, зарим нь хэрэгт татагджээ

Путинийг огцрохыг шаардсан депутатуудын нэг нь Никита Юферев бөгөөд "Смольнинское"-ийн зөвлөлийг татан буулгах эрхийг амбан захирагчид олгох шийдвэрийг Санкт-Петербургийн шүүх гаргасан гэж тэрбээр "Фонтанка" сайтад ярьжээ.

 

Юферевийн өгүүлснээр, прокурорын шаардлагыг хангаж ийнхүү шүүх шийдвэр гаргасан байна. Смольнинскийн зөвлөл гурваас дээш сар хуралдаагүй гэсэн үндэслэлээр 2021 онд хотын прокурорын газар шүүхэд хандаж байжээ. Гэвч энэ хэргийн сонсгол байнга хойшлогдож байсан гэнэ. Харин сөрөг хүчний депутатууд Путинд импичмент зарлахыг шаардаж эхэлснээс хойш зөвлөлийг тараах асуудлыг яаравчлан шийдсэн нь энэ аж.

 

Шүүхээс энэ зөвлөлийг гурван сарын туршид үйл ажиллагаа явуулаагүй гэсэн шийд гаргасан байна. Харин Юферевийн өгүүлснээр, энэ хугацаанд зөвлөлийн дарга Григорий Ранков өвчтэй байсан гэнэ.

 

Үүнээс өмнө, энэ зөвлөлийн гишүүн Дмитрий Палюгаг Путинийг огцрохыг шаардсан мэдэгдэлд нэгдсэнийх нь төлөө "Оросын эрх баригчдын нэр хүндийг гутаасан" хэрэгт буруутай гэж үзэн, 47 мянган рублиэр торгосон байна. Дмитрий Палюга өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаа тул өмгөөлөгчийн хамт шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Энэ хүмүүс удахгүй ардын баатар мэт үнэлэгдэх болно,
2022-09-14
орос дайнаа түргэн дуусгах хэрэгтэй дээ
2022-09-14
Болд:
Оросууд одоо л төөрөгдлийн нойрноосоо сэрж байна даа
2022-09-14