ОХУ-ын Владимир Путин есдүгээр сарын 20-ны өдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийнэ гэж байсан ч энэ нь тодорхойгүй шалтгаанаар хойшлон, есдүгээр сарын 21-нд мэдэгдэл хийхээр болсон юм. Тэрбээр энэ мэдэгдлээ Москвагийн цагаар есдүгээр сарын 21-ний 09.00 цагт, Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхлүүллээ. Ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Владимир Путин ОХУ даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Путинийг ийнхүү хэсэгчилсэн дайчилгааны талаар зарласны дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайчилгаа хэрхэн явагдах талаар болон Украин дахь байлдааны талаар мэдэгдэл хийлээ. Россия 1 суваг шууд дамжуулсан энэ мэдэгдлээс товчлон хүргэвэл:
- Украин улс армийнхаа талыг алдсан. 61 207 цэрэг амиа алдаж, 49 368 хүн шархадсан.
- ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хохирол - 5937
- Бид Украинтай төдийгүй баруунтай байлдаж байна.
- Өдөр бүр иргэдийн дээрээс цохилт өгч байгааг бид харж байна. Эмнэлэг, хүн олон цугласан газрын дээрээс цохилт өгч байна. Энэ бол барууны зааварлагчдынхаа хяналтан дор хийж буй үйлдэл. Ийм зааварлагч олон бий, хамгийн сүүлд 150 ирсэн. Барууны командлал Киевээс ажиллагааг удирдаж байна.
- Хэсэгчилсэн дайчилгааны үеэр нийтдээ 300 мянган бэлтгэл цэргийг татна.
- Цэрэг бүртгэлийн мэргэжилтэй, байлдааны туршлагатай, алба хааж байсан хүмүүсийг хэсэгчилсэн дайчилгаанд хамаарна.
- Их дээд сургуулиудын оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдыг дайчилгаанд татахгүй.
- Бидний эсрэг НАТО-ийн хиймэл дагуулын бүлэглэл ажиллаж байна. Цэргийн 70 гаруй, иргэний 200 хиймэл дагуул манай анги хэлтсийн байршлыг тагнахаар ажиллаж байгаа хэмээн Сергей Шойгу мэдэгджээ.
Г.Бямбасүрэн