Г.Тэмүүлэн: Төсвийг хаалганы цаана хэлэлцэн баталдаг жишгийг өөрчилнө
2022-10-07

УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 19-ны өдөр анх удаа зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсвийн байнгын хороо 2023 оны төсөвтэй холбогдуулан урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж, эдийн засгийг тогтворжуулж, “цусны эргэлт”-ийг сайжруулах чиглэсэн, инфляци, мөнгөний бодлоготой уялдуулж, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн бодлогыг баримталж ажиллана.

 

Төсвийн байнгын хороо төсвийг хаалганы цаана хэлэлцэн баталдаг жишгийг өөрчилнө. Олон нийтээр төсвийг хэлэлцүүлж, хяналт тавьж, оролцдог шинэ жишигт суурилсан хэлэлцүүлгийг бий болгоно. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг жишгийг тогтооно.

 

Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Төсвийг зарцуулалтын хамгийн том хяналт бол ард түмэн байдаг. Тиймээс төсвийн хяналтад олон нийтийг оролцуулах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.

 

Мөн тэрбээр цаашид төсвийн ил тод байдлыг хангахад чиглэсэн хууль эрхзүйн дорвитой өөрчлөлтийг хийнэ. Ингэж байж төсвийн сахилга бат, ил тод сайжирна хэмээн үзэж байна. Цаашид төсвийн өргөн барьсны дараа биш төсөв боловсруулах шатанд олон нийтийн санаа бодлыг тусгадаг болохоор хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа хэллээ. 

 

Хэлэлцүүлгийн хүрээнд өнөөдөр буюу 10 дугаар сарын 07-17 хүртэл олон нийтийн саналыг цахимаар болон 51 262727 гэсэн дугаарын утсаар авах аж. Иргэдийн саналыг нэгтгэж, 19-ны өдөр нэгдсэн хэлэлцүүлгийг хийх юм байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин