Ши Жинпинь дахин сонгогдсон мэдээллийн дараа АНУ-д Хятад компаниудын хувьцаа унажээ
2022-10-25

Ши Жинпинь Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаа сонгогдсоны дараа БНХАУ-ын эдийн засагтай холбоотой болгоомжлол гарч, улмаар АНУ-д Хятадын компаниудын хувьцаа даваа гарагт унажээ. 

 

Ши Жинпинь ням гарагт дахин сонгогдсон юм. Ингэснээр тэрбээр гурван удаа дараалан БНХАУ-ын даргын алба хашиж байгаа анхны төрийн тэргүүн болж байна.  Намын төв хорооны шинэ бүрэлдэхүүнд зах зээлийн шинэчлэл, хувийн салбарын хөгжлийг дэмждэг Ли Көцян багтаагүй юм.

 

Энэ мэдээлэл гарсны дараа, Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулсан "тэг ковид" бодлого үргэлжилэх нь гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд төржээ. Түүнчлэн цаашид технологийн компаниудад тавих хяналтыг чангатгаж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа гэж Ройтерс мэдээлсэн байна.

 

Улмаар АНУ-д хувьцаа нь хамгийн их арилжаалагддаг  Хятадын компаниудын нэг болох Nio Inc  цахилгаан машин үйлдвэрлэгч компанийн хувьцаа даваа гарагт 17,9 хувиар унажээ. Энэ нь 2019 оны есдүгээр сарын 24-нөөс хойш бүртгэгдэж буй хамгийн их уналт юм. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, цахилгаан машин үйлдвэрлэгч бусад компаниудын хувьцаа 14-21,5 хувиар унасан бол Alibaba группийн хувьцаа 14,5 хувиар унасан нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин