IAEA: Украин бохир бөмбөг хийж байгаа гэх нотолгоо байхгүй
2022-11-04

ОХУ Украиныг бохир бөмбөг хийж байгаа гэж удаа дараа буруутгасны дараа Олон улсын атомын энергийн агентлаг энэ асуудлыг шалгахаар болсон юм. Шалгалтаар ийм бөмбөг хийж байгаа гэх баримт олдоогүй гэнэ. 

 

Тодруулбал, Киевийн Цөмийн судалгааны хүрээлэн, Дорнын уулын баяжуулах комбинат, Днепр дэх Макаровын нэрэмжит Машин бүтээх үйлдвэр гэсэн гурван газарт Олон улсын атомын энергийн агентлагын мэргэжилтнүүд ажиллаад, Украин "бохир бөмбөг хийж байгаа" гэх ямар ч нотолгоо олоогүй гэж пүрэв гарагт мэдэгджээ. 

 

Украины тал өөрийн нутаг дээр "бохир бөмбөг" дэлбэлэхээр зэхэж байгаа гэж Оросын тал буруутгасны дараа Украины эрх баригчид Олон улсын атомын энергийн агентлагт хандан шуурхай хүсэлт гаргаж, шалгалт хийлгэхээр болсон юм.

 

"Бохир бөмбөг" гэж юу вэ?

 

Энэ бөмбөгийг "цөмийн бөмбөг" гэж ойлгох нь бий. Үнэндээ энэ нь цөмийн бөмбөг биш, харин радиологийн зэвсэгт хамаардаг. 

 

"Бохир бөмбөг" гэдэг нь цацраг идэвхит бодис эсвэл цезий, иридий, плутони зэрэг цацрагын төвшин багатай үйлдвэрийн эсвэл эмнэлгийн хог хаягдлаар дүүргэсэн энгийн хошуу эсвэл сум байдаг.  Энэ төрлийн зэвсгийг тэслэх үед гинжин урвалтай цөмийн дэлбэрэлт үүсдэггүй аж. 

 

Зэвсгийн шинжээчдийн өгүүлснээр, "бохир бөмбөг" дэлбэрснээс үүдэх хор уршиг нь онгоц эсвэл пуужингаас хаясан энгийн бөмбөгнөөс ихгүй байдаг гэнэ. Гэхдээ ийм бөмбөг цацраг идэвхит хэсгүүд агуулсан байдаг тул бөмбөг унасан бүс нутаг бохирдож, олон жилийн туршид энд амьд амьтан амьдрахад тохиромжгүй болдог аж. Өөрөөр хэлбэл цөмийн цахилгаан станц сүйрч, цацраг тархсан Чернобылийн нутаг шиг болно гэсэн үг. 

 

Харин байлдааны зэвсэг гэдэг талаас нь авч үзвэл  радиологийн зэвсгийн аюул төдийлөн их биш, "бохир бөмбөг" сөргөлдөгч талынхаа бэхлэлтийг сэтэлж, эсвэл байлдааны техникийг ч устгаж чадахгүй, бие бүрэлдэхүүнийг устгах чадваргүй гэж цэргийн шинжээчид онцолжээ.Үүний зэрэгцээ орчин үеийн армиудад цацраг, хими, биологийн хамгаалалтын анги, хэсгүүд байдаг болсон. Тэдгээр нь сөргөлдөгч тал цацрагийн зэвсэг ашигласан нөхцөлд учрах хохирлыг хамгийн бага байлгах тал дээр ажилладаг юм. 

 

Тиймээс энэ зэвсгийг тулаанд ашигладаггүй. Гэхдээ алан хядах ажиллагаа үйлдэх зорилгоор ашиглах болможтой байдаг аж. Учир нь энэ бөмбөг дэлбэрсэн газарт олон жилийн турш амьдрах боломжгүй болох бол цацрагийн нөлөөнд өртсөн орон нутагт хүмүүс үлдэн амьдарсаар байвал төрөл бүрийн өвчин тусаж, нас баралт нэмэгддэг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин