Хятадын чөлөөнд гарсан цэргийн алба хаагчдыг Foxconn үйлдвэрт ажиллахыг уриалжээ
2022-11-17

Хятадын эрх баригчид чөлөөндөө гарсан цэргийн алба хаагчдад хандан Foxconn үйлдвэр дээр iPhone үйлдвэрлэх ажилд туслахыг уриалжээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хэнань мужийн Жиюань болон Кайфэн хотуудад байх тэтгэвэрт гарсан цэргийн алба хаагчдад мэдээлэл ирсэн гэнэ. Өмнө нь коронавирусийн халдвар гарсны улмаас хөл хорио тогтоосон Жэнжоу дахь Foxconn үйлдвэрт ажиллахыг тэтгэвэрт гарсан цэргийн алба хаагчдад санал болгосон бөгөөд тэдэнд тэтгэврээс нь гадна зохих урамшуулал нэмэж тооцсон цалинг ч олгоно хэмээн амлажээ. 

 

Түүнчлэн iPhone үйлдвэрлэгч энэ үйлдвэрт орж ажилласан төрийн алба хаагчдад урамшуулал олгоно гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн байна. Төрийн албан хаагчид энэ үйлдвэрт ажиллавал 800 юанийн урамшуулал, эхний сард 3000 юанийн нэмэлт хөлс тооцож олгоно хэмээн амлажээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын сүүлээр Жэнжоу дахь Foxconn үйлдвэрийн 20 мянган ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул үйлдвэрт хөл хорио тогтоосон юм. Энэ нь iPhone үйлдвэрлэлтэд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлт удааширсан юм. Мөн энэ хөл хорионы улмаас 2022 онд iPhone үйлдвэрлэл багасна гэж Apple компани мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин