Паралимпийн хороо Оросын гишүүнчлэлийг зогсоожээ
2022-11-17

Олон улсын паралимпийн хороо Берлин хотноо лхагва гарагт ээлжит бусаар хуралдаж, Оросын гишүүнчлэлийг зогсоох шийдвэр гаргажээ. Энэ талаар Паралимпийн хорооны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

ОХУ-ын гишүүнчлэлийг зогсоохыг хуралд оролцсон 64 орон дэмжсэн бол 39 нь татгалзаж, 16 орон түтгэлзсэн санал өгчээ. Ийм шийдвэр гаргах болсон нь Орос улс Паралимпийн хорооны үндсэн хуульд нийцүүлэн үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй болсонтой холбоотой гэж тайлбарласан байна. Түүнчлэн мөн л ийм шалтгаанаар Беларусийн гишүүнчлэлийг ч зогсоожээ. Одоо Орос болон Беларусийн гишүүнчлэлийг Хорооны ерөнхий ассамблей л сэргээх боломжтой бөгөөд ассамблейн хамгийн ойрын хурал 2023 оны сүүлээр болох юм.

 

Энд дуулгахад, Оросын арми Украин руу халдсаны дараа, гуравдугаар сарын гуравны өдөр Паралимпийн хороо Орос, Беларусийн тамирчдыг Бээжингийн Паралимпээс хасаж байлаа. Тухайн үед олон орны шигшээ багийнхан орос, беларусьчуудтай нэг тэмцээнд оролцохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн үүссэн нөхцөлд оролцогчдын аюулгүй байдлыг хангахад асуудал үүссэн хэмээн Паралимпийн хороо мэдэгдэж байв. Харин Оросын Паралимпийн хороо тамирчдыг нь тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй шийдвэр хэмээн мэдэгдэж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв штаа. Бүгд путинээ дэмждэг тул дайны буруутан нь Оросын ард түмэн
2022-11-17