АНУ, ОХУ ялтан солилцож, сагсан бөмбөгчин Бриттни Грайнер, бизнесмен Виктор Бут нар эх орноо зорив
2022-12-09

АНУ, ОХУ ялтан солилцож, Орост ял сонссон АНУ-ын шигшээ багийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнер, АНУ-д ял сонсон хоригдож байсан Оросын бизнесмен Виктор Бут нар эх орноо зорьжээ. Энэ мэдээллийг анх CNN агентлаг дамжуулсан бөгөөд үүний дараа мэдээллийг Орос, АНУ аль альн нь баталсан байна. 

 

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Абу-Дабигийн нисэх буудал дээр ялтнуудыг солилцжээ. "Оросын иргэн эх орондоо буцсан" хэмээн ГХЯ-ны мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Оросын бизнесмен Виктор Бут Москвад газардсаныхаа дараа хэвлэлүүдэд ярилцлага өгчээ. "Шөнө дунд намайг дуудаад гарахад бэлд гэсэн. Үүнээс өмнө ямар ч мэдээлэл өгөөгүй. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн эргэж байгаа нь ойлгомжтой байсан юм" хэмээн Бут сэтгүүлчдэд ярьжээ. Түүнийг нисэх буудал дээр ээж, эхнэр нь тоссгон гэнэ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Бут, Грайнер нарыг солилцох хэлэлцээ хийхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүгийн хамтын хүчин чармайлт ихээхэн тусалсан гэж хоёр тал мэдэгджээ. Мөн эдгээр ялтныг солилцохоос өмнө тэдэнд өршөөл үзүүлсэн талаар Орос дахь хүний эрхийн асуудал эрхэлсэн түшмэл Татьяна Москалькова мэдээлсэн байна. 

 

Ялтан солилцоогоор суллагдаж, эх оронруугаа буцах өмнө өршөөгдсөн Бриттни Грайнер нь Олимпын хоёр удаагийн аварга бөгөөд Оросын Уралын клубт багтан тоглож байжээ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Москвагийн Шереметьево нисэх буудал дээрээс баривчлагдсан юм. Учир нь түүний электрон тамхины төхөөрөмжөөс эмчилгээний зориулалттай марихуан илэрсэн аж.

 

Ингээд Грайнерыг хар тамхины хууль бус наймаанд буруутгасан бол шүүх дээр тэрбээр энэ зүйлийг андуурч авсан, Оросын хууль зөрчих санаа агуулаагүй хэмээн мэдэгдсэн байна. Ингээд наймдугаар сарын дөрөвний өдөр болсон шүүх хурлаар түүнд есөн жилийн хорих ял оноосон юм.

 

Харин Оросын иргэн Бутын тухайд, түүний хэрэг он удаан жил хэвлэлүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн. Өмнө нь Зөвлөлтийн агаарын цэргийн хүчний офицер асан Бутыг АНУ-ын харо тамхитай тэмцэх байгууллагын тусгай ажиллагааны дараа 2010 онд Тайландаас АНУ руу шилжүүлсэн байна. Тэрбээр дэлхийн хамгийн алдартай зэвсгийн наймаачдын нэг бөгөөд түүний амьдралын түүхээр "Зэвсгийн барон" хэмээх Холливудийн киног бүтээсэн юм. 

 

Бутийг АНУ -ын албан этгээдүүд, америкчуудыг хөнөөх зорилгоор үгсэн хуйвалдсан, зенит пуужин нийлүүлсэн, алан хядах байгууллагад дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутган 25 жилийн ял оноосон. Харин тэрбээр өөрийгөө хууль ёсны дагуу олон улсын бизнес эрхэлдэг, Өмнөд Америкийн босогчдыг зэвсэглэх гэсэн хэрэгт хилсээр буруутгагдсан гэж үздэг.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин