Роналду: Миний хамгийн том мөрөөдөл биелсэнгүй
2022-12-12

Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду багийнхаа ялагдлын талаар тайлбар хийжээ. Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Португалийн баг Мароккод 0:1 харьцаагаар хожигдсон юм.

 

"Португалийн шигшээ баг ДАШТ-2022-т ялах нь миний карьерын хамгийн том мөрөөдөл байлаа. Баярлууштай нь, би олон улсын төвшний олон цол хэргэмийн эзэн, гэхдээ Португалийн нэрийг дэлхийн хамгийн өндөр төвшинд гаргах нь миний хамгийн том мөрөөдөл байсан юм. Би үүний төлөө тэмцсэн. Мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцсэн. 16 жилийн туршид би таван удаа ДАШТ-д оролцож, агуу хөлбөмбөгчидтэй тоглож, олон сая нутаг нэгтнийхээ дэмжлэгийг авч байлаа. Би өөрийгөө, бүх хүчээ талбайд зориулсан. Би хэзээ ч энэ мөрөөдлөөсөө татгалзаж байгаагүй" хэмээн Роналду бичжээ.

 

Түүнчлэн Мароккод хожигдсон ялагдал нь мөрөөдлийг нь үгүй хийсэн хэмээн бичсэн байна.

 

"Харамсалтай нь, өчигдөр энэ мөрөөдөл бүтэлгүйтлээ. Үүнд харамсах нь одоо утгагүй, гэхдээ Португалид үнэнч байдал минь огтхон ч өөрчлөгдөөгүй. Одоо өөр хэлэх зүйл алга. Португалид баярлалаа, Катарт баярлалаа. Мөрөөдөл минь амьд байхдаа сайхан байлаа" хэмээн Роналду бичжээ.

 

Энд дуулгахад, Мароккогийн шигшээ багтай тоглох үед Роналду сэлгээнд сууж, тоглолтын 51 дэх минутанд талбайд гарч ирсэн юм. Португалийн баг ялагдсаны дараа "Реал" болон Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч асан Луиш Фигу үндэсний шигшээ багийнх нь ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш Криштиану Мароккотой тоглох үеэр нөөцөнд суулгах шийдвэр гаргасанд сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлсэн. Харин Сантуш баг нь ялагдсаны дараа мэдэгдэл хийхдээ багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа хэмээж байв. "Нөөцөнд Криштиануг суулгачхаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та нар ялж чадахгүй шүү дээ. Роналдуг нөөцөнд үлдээсэн нь алдаа байлаа. Сантуш энэ ялагдлын төлөө хариуцлага хүлээх ёстой" хэмээн Фигу мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин