Аргентины ялалтыг тэмдэглэж байсан хөгжөөн дэмжигчид цагдаагийнхантай мөргөлджээ
2022-12-14

Аргентин, Хорватын шигшээ багууд тоглож, Аргентин ялсны дараа үндэснийхээ шигшээ багийн ялалтыг Буэнос-Айрест тэмдэглэж байсан хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээж, цагдаагийнхантай мөргөлджээ. 

 

Аргентины телевизийн мэдээлснээр, баяраа тэмдэглэж байсан олон нийслэлийнхээ төв хэсэгт байх хаалттай гудамжаар явах гэхэд цагдаагийнхан зогсоосон тул хөгжөөн дэмжигчид цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Цагдаагийн газрын мэдээлснээр, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хаалт давахыг оролдон, чулуу шидсэнээс болж мөргөлдөөн үүссэн гэнэ.  Улмаар цагдаагийнхан хөгжөөн дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулах хий ашиглажээ. 

 

Хууль сахиулагчдын зүгээс ийнхүү хүч хэрэглэснийг Аргентины Хүний эрхийн газрын тэргүүн Орасио Пьетрагала шүүмжилж, цагдаагийнхан "Аргентины ялалтыг тэмдэглэхээр гэр бүлээрээ цугласан аргентинчуудыг дарж, өдөөн хатгахаа зогсоох"-ын тулд шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газрын тэргүүнээсээ хүссэн байна.

 

Энд дуулгахад, Аргентины баг Хорватын шигшээ багтай тоглон, 3:0 харьцаатайгаар хожсон юм. Цаашлаад, өнөөдөр болох Франц, Мароккогийн тоглолтын ялагчтай Аргентины баг цомын төлөө тоглох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин