Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрүүд
2022-12-14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

 


 
 

Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгоод, авлига албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр, Эрүүгийн хуулийн 22.1 – р зүйл буюу  эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар зүйчилдэг байсныг хасаж, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох ял эдлүүлэхгүй байхаар тусгасан.


Тус хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгалаа. Энэ нь сонгуулийн тухай хууль тогтоомж дээр заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх заалттай уялдаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж байна. Ял наймаалцахгүй гэсэн үг.


Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг нэмж орууллаа.
Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ шалгадаг байхаар өргөн мэдүүлэхээр болж байна гэв.

 

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа


Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний  чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.


 
Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө


Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа.


Шинэ сэргэлтийн бодлогын  нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж Улсын Их Хурлаас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан.


Эдгээр хуульд заасан татвараас чөлөөлөгдөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.


Тогтоолын төслөөр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг хамруулна.


 
Товч мэдээ


· Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталлаа. Улсын нөөцөөс олгох бараа, материалыг өвөлжилт хүндэрч байгаа сумын малчдад оновчтой хуваарилж олгох, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.   

 
· Монгол Улсын Засгийн газар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


·Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу зохион байгуулж, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанд оруулж томилуулахыг даалгав.


·УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
 

Shuud.mn
Сонин хачин