Путин Буриадад айлчилсан түүхүүд
2023-03-15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 14-ний өдөр Буриадад айлчилж, мөн өдрийнхөө шөнө буцжээ. Тэрбээр ОХУ-ын харьяанд байх энэ Бүгд Найрамдах Улсад өмнө нь гурвантаа айлчилж байлаа. Өмнө нь хэдэн онд айлчилж, юу хийж байсан талаарх мэдээллийг тоймлон хүргэе. 

 

2011 он: Буриадын 350 жилийн ой хийгээд Дашагийн гуйсан даашинз 

Владимир Путин анх 2011 онд Буриадад айлчилсан юм. Тухайн үед тэрбээр Ерөнхий сайдын алба хашиж байлаа. Буриад улс Оросын бүрэлдэхүүнд сайн дураар нэгдсэний 350 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Путин энэ улсад айлчилжээ.

 

Энэ айлчлалынхаа үеэр Путин ойд зориулсан, дуурь бүжгийн театрт болсон хүндэтгэлийн ухрал дээр үг хэлж, нутгийн оршин суугчидтай буриад хэлээр мэндчилж, онлы хүндэтгэлийг хүлээж байв.

 

"Здравствуйте! Сайн байна!" хэмээн Владимигр Путин мэндэлж байлаа.

 

Улаан-Үд хотод ажилласныхаа дараа Путин Мухар шивэрийн аймгийн Тугнуй суурин руу нисдэг тэргээр очжээ. Уурхайчдын энэ суринд очсоныхоо дараа Путин Даша Варфоломеевтай уулзсан байна. Энэ охин 2008 онд болсон Путинд шууд асуулт тавих уулзалтын үеэр холбогдох, "Үнсгэлжингийнх шиг" даашинз авч өгөхийг хүсчээ.

Охин тухайн үед холбогдохдоо сууринд нь хийх ажил байхгүй, гэр бүл нь эмээгийнх нь тэтгэврээр амьдардаг, чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй, соёлын амьдрал энд хөгжөөгүй гэж гомдол дуулгаж байсан аж. Үүний дараа Тугнуй сууринг төв замтай холбож, орчин үеийн соёл, спорт боловсролын цогцолбор барьсан гэнэ. Путин Дашагийн хүслийг ч биелүүлжээ. Путин охиныг ээж, эгчийнх нь хамт Кремлийн гацуур арга хэмжээнд урьж, Дашад даашинз, хүүхэлдэй болон гэр бүлийнхэнд нь бэлэг өгсөн аж.

 

2013 он: Оросын Буддын шашинтнуудын гол хийд
2013 онд хийсэн айлчлал нь ажлын айлчлал байлаа. Энэ үеэр Владимир Путин Оросын уламжлалт Буддын шашны гол, томоохон хийд болох Иволгийн дацанд айлчилжээ.

 

Энэ дацанд Путин цаг гаруй болсон бөгөөд Цогчин дуганыг үзэж сонирхсон байна. Оросын буддын шашинтнуудын тэргүүн Хамба Лам Дамба Аюшеев түүнд хийдийг таницлуулжээ. Мөн энэ үеэр Путинд зориулж бөх барилдуулж, харваачид нум сум харвасан гэнэ.

 

"Орос бол буддизм уламжлалт шашин нь болсон Европ дахь цорын ганц улс байх. Энэ бүхэн Елизавета Петровнагаас эхлэлтэй. Тэрээр буддизмыг уламжлалт шашин гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр үеэс хойш буддын шашинтнууд Оросын ард түмнүүдийн амьдралд дорвитой үүрэг гүйцэтгэж, гай зовлонд унасан хүмүүст туслан, тэднийг дэмжиж, баяр жаргалтай үед нь ч хамт байна. Бүх цаг үеийн туршид ийм л байсан" хэмээн Путин лам нартай уулзахдаа хэлж байжээ.

 

Дацанд айлчилсныхаа дараа Улаан-Үд хотод хурал зохион даргалж, энэ хурлаар Оросынойн цогцолборын үр бүтээмжийг дээшлүүлэх асуудал хэлэлцсэн аж.

 

2017 он. Байгал нуур, омуль загас

Дараагийн удаад 2017 онд Буриадад айлчлав. Владимир Путинийг суулгасан онгоц наймдугаар сарын гуравны үдэш Улаан-Үд хотноо газарджээ. Ингээд тэрбээр төрийн өндөр албан тушаалтнууд буудалладаг, хотын төвд байх "Байкал Плаза" хэмээх зочид буудлыг зорьсон байна. Путиний айлчлалын хөтөлбөрийг сүүлийн өмч хүртэл нууцалсаар байсан юм.

 

Улаан-Үдэд газардсаныхаа маргааш өдөр нь Владимигр Путин Байгал нуурын эрэг дээр нуурын асуудал, ойн түймрийн хор хөнөөлийн талаарх зөвлөгөөн явуулжээ. Энэ үеэр нууранд омуль загас тавьж, мөн онд гал түймэрт автсан суурингийн оршин суугчидтай цахимаар уулзсан байна. 

 

2023 он:  Онгоцны үйлдвэр

Дөрөв дэх удаагийн айлчлал нь өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний мягмар гарагт боллоо. Урьдын адил, Путиний айлчлалын талаар албан ёсны мэдээлэл гараагүй, Буриадын зарим хэвлэлүүд онгоцны үйлдвэрийн ажилчдаас авсан эх сурвалжтайгаар л Путиний айлчлалын талаар мэдээлж байв. "Люди Байкала" сайтын мэдээлснээр, Путиний айлчлал зарлагдаагүй байхад буюу өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн ажилчдад төрөл бүрийн зөвлөмж, сануулга өгч эхэлсэн гэнэ.

 

Путинийг айлчлах үед үйлдвэрийн дээвэр дээр мэргэн буучид байрлан, Ерөнхийлөгчийн амь насыг хамгаална, сэжигтэй үйлдэл гаргасан хэн бүрийг буудаж болзошгүй тул үйлдвэрийн ажилчдыг "огцом хөдөлгөөн хийхгүй байх"-ыг удирдлагууд нь анхааруулж байжээ. Түүнчлэн Путинийг ирэхээс  өмнө удирдлагуудыг зочид буудалд байршуулан тусгаарласан гэнэ. Ийн тусгаарласны шалтгаан нь тодорхойгүй.

 

Энэ мэдээлэл гарсны дараа ч Путиний айлчлалыг батлах албаны мэдээлэл гараагүй л байлаа. Харин айлчлал болох өдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр Кремлийн хэвлэлийн алба Владимир Путин Буриадад айлчилна гэж мэдээлсэн. Энэ нь ажлын айлчлал байсан бөгөөд айлчлалын үеэр  Путин Улаан-Үдийн онгоцны үйлдвэрт ажиллаж, Алс Дорнолдын хотуудыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар цахим зөвлөгөөн хийж, Буриадын тэргүүн Алексей Цыденовтой уулзжээ.

 

Улаан-Үдийн онгоцны үйлдвэр нь Оросын төрийн корпораци болох "Ростех"-ийн "Оросын нисдэг тэрэг" холдингийн бүрэлдэхүүнд багтдаг,. Энэ үйлдвэр нь онгоц, нисдэг тэрэг үйлдвэрлэн гаргасан цорын ганц үйлдвэр бөгөөд түүхэндээ нийтдээ 8000 гаруй нисэх аппарат үйлдвэрлэн гаргажээ. Өнөөдөр энэ үйлдвэр Казахстан, Энэтхэг, Пакистан зэрэг олон орон руу Ми-8 , Ми171 нисдэг тэрэг болон тэдгээрийн сэлбэгийг нийлүүлдэг байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин