Хужирбуланд нэг цэгийн үйлчилгээний төв нээгдлээ
2012-01-26

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбуланд төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх цогболбор барилга өчигдөр шинээр үүд хаалгаа нээлээ. Нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Тамгын газрын дарга Д. Баатарням, хэлтэс албадын дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо. Өнгөрөгч онд дүүргийн хүн амын нягтаршлыг багасгахаар хүн ам газар нутгийн байршлыг харгалзан дөрвөн хороог хуваасны нэг нь тус хороо юм. Улиастайн 23 дугаар хорооноос өнгөрсөн жил өрх тусгаарласан тус хороо өдгөө 1800 өрхийн 5900 хүн амтай. Хорооны шинэ байр ашиглалтад орсноор иргэд тав тухтай орчинд үйлчилүүлэх боломжтой болж байгаа юм. Тус цогцолбор барилгыг нийслэлийн төслийн хөрөнгө оруулалтаар 354 сая төгрөгийн санхүүжилтээр барьсан аж. Гүйцэтгэгчээр “МДББ” ХХК ажилласан бөгөөд хоёр давхар цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хорооны нэг цэгийн үйлчилгээний танхим, цагдаагийн хэсэг байрлахаас гадна ахмадын чийрэгжүүлэлтийн танхим, эмийн сан байрлах юм байна.
Shuud.mn
Сонин хачин