“Rostaing Mongolian Trophy 2012” Монголд анх удаа болно
2012-01-31

“Rostaing Mongolian Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээн Монголд анх удаа 2012 оны наймдугаар сард болох гэж байна. Европ, Азийн адал явдалт спорт сонирхогч 200 гаруй хүн болон тамирчдын өргөн бүрэлдэхүүн оролцох энэ тэмцээнийг Франц улсын “Ростан” групп Вьетнамын Вьет Адвенчер компанитай хамтран Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын үзэсгэлэнт байгаль бүрдсэн Баян-Өлгий аймгийн Цамбагарав ууланд зохион байгуулах юм. Байгаль эх, хүн төрөлхтний уялдаа холбоог биеэр мэдэрч, өнөөдрийн технологижсон амьдралаас тэс өөр зүйлийг оролцогчдод мэдрүүлэх нь “Rostaing Mongolian Trophy 2012” тэмцээний гол зорилго. “Спорт-байгаль, аялал жуулчлал” гэсэн нэрийн дор өрнөх олон улсын адал явдалт буухиа тэмцээн нь оролцогчдоос авхаалж самбаа, оюун ухаан, туршлага, эрч хүч, бүхий л чадварыг шаардах төдийгүй гадны тусламж авах болон хөдөлгүүрт хэрэгсэл ашиглахыг хориглоно. Баг бүр 4 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд эхний өдөр морь унах, дараагийн өдөр тэмээ унах, гурав дахь өдөр явган аялал, бартаат замын дугуйн уралдаан, сүүлийн өдөр завины уралдааны төрөлд хүчээ сорих болно. Тэмцээн таван өдрийн турш зогсолтгүй үргэлжлэх юм. “Rostaing Mongolian Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээнийг зохион байгуулснаар Монголын байгалийн үзэсгэлэнт газруудыг болон бүс нутгийн онцлог, ард түмний аж амьдралыг дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах болно. Монголд иймэрхүү төрлийн олон улсын хэмжээний буухиа тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа тул олны анхаарлыг татаж байна. Иймд олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд уралдааныг газар дээрээс нь сурвалжлан дэлхий нийтэд шууд дамжуулан хүргэх болно. Одоогийн байдлаар Европ /Франц/, Азийн /Вьетнам, Сингапур, Хонконг/ орнуудын хэвлэл мэдээллийхэн сурвалжлахаа мэдэгдсэн байна. Оролцогчид шалгууруудыг хэрхэн давж, дараагийн өртөөнд хүрч буй зэргийг интернетээр харах боломжтой юм. Буухиа тэмцээн зохион байгуулах энэ төсөл нь Монголын агаарын тээвэр болон тус тэмцээн явагдах орон нутгийн ард иргэд, байгаль орчинд ихээхэн хөрөнгө оруулалт хийх төдийгүй бид тус бүсийн ард иргэдийн хүсэлтийн дагуу байгаль орчинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх тал дээр тодорхой дэмжлэг үзүүлэх гэж үзэж байгаа аж. Зохион байгуулагчдын талаарх мэдээлийг хүргэхэд, Франц улсын “Ростан” группийг Жозеф Ростан 1789 онд үүсгэн байгуулсан. Арьсан эдлэл боловсруулах үйлдвэр одоо Францдаа төдийгүй олон улсад танигдсан том групп болтлоо хөгжсөн байна. Үе залгамжлагч Жак Ростан 2010 онд Монгол Улсад “Ростан” компанийн салбараа “Ростан Монголиа” нэрээр байгуулж, хонь, ямаа, адууны арьс шир, түүхий эдэд түшиглэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Харин Вьетнамын “Вьет Адвенчер” компани нь байгалийн үзэсгэлэнт газруудад адал явдалт аялал зохион байгуулдаг төдийгүй байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Бартаат замын уралдаан, спортын томоохон арга хэмжээ, аяллууд зохион байгуулахдаа байгальд хор хөнөөл учруулахгүйг чухалчилдаг бөгөөд нөхөн сэргээгдэх хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг.  
Shuud.mn
Сонин хачин