Давост болсон “Mongolia Night” арга хэмжээнд Рио Тинтогийн Т.Албанезе үг хэллээ
2012-01-31

Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр эх орноо сурталчлах “Mongolia Night” арга хэмжээ боллоо. Арга хэмжээг Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Оргил, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар нээж Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар товч танилцуулав. Мөн манай томоохон хөрөнгө оруулагч Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Т.Албанезе үг хэллээ.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Олон улсын атомын энергийн агентлагийн захирал Ю.Амано, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Х.Курода, Германы Бундестагийн гишүүн Ф.Мишфелдер, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн захирал М.Дахинден, Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Том Албаниз, Credit Suisse Банкны Дэд ерөнхийлөгч К.Вагнер, Форбес сэтгүүлийн захирал Р.Форбес нарын 270 гаруй зочин оролцов.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр бусад улс орноос зохион байгуулдаг зэрэгцээ арга хэмжээнүүдээс “Mongolia Night” арга хэмжээг чуулга уулзалтын төлөөлөгчид мэддэг, сонирхдог болжээ. Энэ удаагийн арга хэмжээнд монгол орчин бүрдүүлэх үүднээс монгол гэрээр үзүүлэн хийж, ардын дуу хөгжмийн “Хөх Монгол” хамтлаг тоглолтоо сонирхуулсан нь зочдын анхаарлыг татаж байлаа. Арга хэмжээнд Eurovision, National Geographic, France 2 TV, Euronews, Rossiya 2 TV зэрэг мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцов.

Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад зориулан Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Монголын хөрөнгө оруулалтын банк, Монголын бизнесийн зөвлөл болон Оксфорд бизнес группээс хамтран гаргасан “The Report Mongolia 2012”  товхимлыг сурталчлах тусгай булан ажиллуулж, ирсэн зочдод ивээн тэтгэгч байгууллагуудын дурсгалын зүйлс дурсгав.

Shuud.mn
Сонин хачин
z:
Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар хийж байна. 9517-4824
2012-01-31