Нобелийн шагналт эрдэмтэн Р.К.Пачауритай уулзав
2011-10-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  2007 оны Нобелийн Энхтайвны шагналт, доктор Ражендра Кумар Пачаури-г  хүлээн авч уулзлаа.  Дэлхий дахинд “ногоон эдийн засагч” хэмээн танигдсан нэрт эрдэмтэн Р.К. Пачаури нь сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, байгалийн нөөц баялгийг зүй зохистой зарцуулах, ашиглах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, туршин, зарим шинэ технологийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тэрээр 2002 оноос НҮБ-ын мэргэжлийн байгууллага болох “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжлийн бүлэг”-ийн даргаар ажилласан  бөгөөд энэхүү бүлэг нь АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аль Горын хамт Нобелийн Энхтайвны шагналыг 2007 онд хүртсэн юм. Одоо Азийн эрчим хүчний Институтын Ерөнхийлөгч, Йелийн Их сургуулийн Уур амьсгал ба Эрчим хүчний сургуулийн захирлын албыг хашиж байна. Доктор Р.К.Пачаури  “Ерөнхийлөгч тантай 2009 онд Нью Йорк хотноо уулзахдаа Монголд заавал очно гэж амалж байсан. Өнөөдөр Таны урилгаар би танай сайхан оронд ирсэндээ баяртай байна” гэлээ. Тэрээр “ Ерөнхийлөгч Таны хэрэгжүүлдэг  “Ногоон бодлого”-ыг би талархан дэмжиж байна. Бидэнд энэ чиглэлээр хамтран ажиллах маш их боломж бий. Тухайлбал, хүн төрөлхтөн улам бүр эрчим хүчээр цангах боллоо. Хэрэглээ нэмэгдэж, нөөц хомсдох тусам бид эрчим хүчийг хэрхэн хялбар арга замаар үйлдвэрлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байна. Сүүлийн үед Энэтхэг, Мянмар, Африкийн зарим орнуудад их хэрэглэж байгаа “нарны дэнлүү” чухам ийм хялбар эрчим хүчний шийдлүүдийн нэг бөгөөд танай оронд ч хэрэглэхэд боломжтой технологи юм.  Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой газар нутаг. Тухайлбал говьд нарны эрчим хүчээр айл өрх бүр гэрэл цахилгаантай, цахилгаан үүсгүүртэй болох бүрэн боломжтой. Бид энэ чиглэлээр судалгаа туршилт эхлүүлж, хамтран ажиллахад бэлэн байна. Мөн  ургамлаас түлш гаргаж авдаг технологийг монголд нэвтрүүлэх боломжтой гэж бодож байна. Энэ нь  цөлжилтөөс хамгаалах  давхар ач холбогдолтой технологи юм. Газрын гүний усыг хэмнэлттэй, зөв зарцуулах судалгааны ажлыг манай хүрээлэн амжилттай хийж байгаа. Бид Энэтхэг гэх мэт хүн ам олонтой, байгалийн нөөц баялгаа зөв зарцуулах шаардлагатай байгаа улс орнуудад усны хэмнэлтийн технологи нэвтрүүлж эхлээд байна. Та бүхэнтэй мөн энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Манай хүрээлэн МУИС-тай байгал орчин, экологийн мэргэжлийн оюутан солилцох талаар ярьж байна. Тэдгээрийн дотор усны мэргэжилтэн бэлтгэх , мэргэжилтэн харилцан солилцох боломжтой. Мөн хотжилтын талаар тусгайлан төсөл хэрэгжүүлж болох юм. Улаанбаатарт  утаа , нийтийн тээвэр, орон сууц гэх мэт шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Нар салхинаас дулаан болон эрчим хүчээ ашигладаг шийдэлтэй “эко барилга”-уудыг олноор барих нь танай нөхцөлд тохиромжтой гэж бодож байна” гэж ярилаа. Дурдагдсан бүх асуудлуудыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийллээ. “ Манай оронд тулгамдаад байгаа хамгийн чухал асуудлуудыг та олж харсан байна. Хотжилт, хүн амын төвлөрөл, цаг уурын өөрчлөлт, уул уурхайн салбарын хөгжил энэ бүхнийг дагаад байгал орчныг хамгаалах, байгалийн нөөцөө зүй зохистой ашиглах асуудал эрчимтэй тавигдаж байгаа. Таны хэлсэн саналуудыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна” гэж Ерөнхийлөгч хэлэв. Ноён Р.К.Пачаури өөрийн судалгааны багаа монголд илгээх, Ерөнхийлөгчийн багтай хамтран судалгаа хийх, “Ногоон хөгжил”-ийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Нобелийн энхтайвны шагналт доктор Р.К.Пачаури, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тэрээр  Улаанбаатар хотноо болж буй “Монгол Улс ба Азийн хөгжлийн банкны түншлэл” өндөр хэмжээний чуулганд оролцож байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин