Иргэд 1072 хувьцаа эзэмших эсэх асуудлыг хэлэлцэнэ
2012-02-07

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана. Төсвийн байнгын хорооны хурал 9:30 цагт эхлэх бол 10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлогджээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Бор-Өндөр сум байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэх юм байна. Түүнчлэн УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх ажээ. Үдээс хойш Эдийн засаг болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороодын хурал товлогдсон байна. 14:30 цагт эхлэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан мөн анхаарал татаж банйа. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, түүнийг дагалдан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд шилжүүлэх нь. Түүнчлэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хойшлогдоод байгаа билээ. Тогтоолын төслийн дагуу Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмших асуудлыг хэлэлцэх юм.  
Shuud.mn
Сонин хачин