Их хотын түүхийг харуулсан үзэсгэлэн нээгдлээ
2012-02-07

Их хотын түүхийг гэрэл зургийн хальснаа буулгасан нэн сонирхолтой үзэсгэлэн Улаанбаатар хотын музейд өнөөдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг нийслэл хүрээний 100 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын музейн сан хөмрөг болон гэрэл зургийн Гамма агентлагийн архивын материал дээр түшиглэн олон нийтэд дэлгэн үзүүэлж байгаа аж. Халх монголын улс төр, эдийн засаг, шашин соёлын төв болсон  их хүрээг олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын “Нийслэл хүрээ” хэмээн өргөмжлөөд 100 жилийг ардаа үдээд байна. Эсгий гэр, модон хашаагаар эхэлж байсан нийслэл хүрээ өнөөдрийн бидний амьдарч буй Улаанбаатар хот болоход түүхийн ямар нугачааг туулсан бэ гэдгийг тухайн үед манай улсад ирсэн гадны жуулчид судлаачдын гэрэл зургийн хальсанд буусан зургаас авсан гэнэ. Их хотын соёл 100-н жилээс эхтэй. Хүрээний зүүн, баруун жигүүрийн гангачууд хэрхэн хувцаслаж байснаас эхлээд 100 гаруй сонирхолтой гэрэл зургийг дэлгэн тавьсан байна. 1938-1939  онд нийслэл хот  анхны цардмал замтай болжээ. Чийчаан явах зориулалттай тэрхүү  замыг “хувьсгалчдын зам” хэмээн нэрийдэж байсан байна. Хувьсгалчдын зам  хожмоо та бидний мэдэх энхтайваны гүүр болсон гэдгийг ч үзэсгэлэнгийн сонирхолтой гэрэл зургаас харж болно. 1935 онд  цахилгаан эрчим хүч цагаан гэрт хүрсэн, анхны мөсөн тэшүүрийн талбай 1930 онд байгуулагдаж байсныг Нийслэл хүрээ 100 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгээс ирж сонирхох боломжтой юм. Үзэсгэлэнд 1912-2012 оны хооронд нийслэл хотод өрнөсөн түүхэн үйл явдал, нийслэл хотын өнгө төрхийг харуулсан гэрэл зургуудаас гадна баримт бичиг, уран зураг, үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэсэн байв.  Тухайлбал 20 дугаар зууны эхэн үеийн хүрээний урчуудын урласан ахуйн эд өлгийн зүйлс, Их хүрээг 1912 оны 2 дугаар сард Нийслэл хүрээ хэмээн өргөмжилсөн богдын лүндэн, Улаанбаатар хотын анхны дарга Моононгийн Баярын хэрэглэж байсан хотын захиргааны анхны монгол бичгийн машин зэрэг сонирхолтой зүйлс өрөөтэй байна. Их хотын түүх гэрэл зургийн хальснаа буулгасан энэхүү үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Shuud.mn
Сонин хачин
Chuka:
Tsatsral ahad bayar hurgey. Ta uneheer sain ajillaj bgaa shuu. Hot bol ikh tuukhtei shuu.
2012-02-08