Нийгмийн даатгалынхан эрүүл мэндийн байгууллагуудтай шинэчилсэн гэрээ байгууллаа
2012-02-08

Нийгмийн даатгалын ерөнхий газраас санаачлан эмнэлгүүдтэй байгуулах даатгалын гэрээг шинэчлэн турших үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн дөрвөн эмнэлгийг сонгон туршилтын гэрээг нэг жилийн хугацаагаар байгууллаа. Энэ гэрээг нийгмийн даатгалын байгууллага болон эмнэлгүүдийн зүгээс үйлчлүүлэгч-даатгуулагч төвтэй, чанартай тусламж, үйлчилгээг хүргэх, худалдан авах үйл ажиллагаагаа боловсронгуй болгох зорилгоор хийж байгаа юм. Уг гэрээний загварыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр олон улсын туршлагад үндэслэн боловсруулсан байна. Гэрээ байгуулах эмнэлэгүүдийг үйл ажиллагааны нийт зардлынхаа дийлэнх хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрдүүлдэг, харьцангуй олон даатгуулагчдад тусламж, үйлчилгээ үзүүлдэг хоёр, гурав дахь шатлалын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс сонгосон байна. Эдгээр нь Улсын Клиникийн Төв эмнэлэг, Шастины Нэрэмжит Клиникийн Төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Ачтан” эмнэлэг аж. Түүнчлэн тус гэрээний дагуу нийгмийн даатгалын байгууллага эмнэлгийн нэхэмжлэлийг шалгах үйл ажиллагаагаа боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын байцаагчдын ажлын ачааллыг нь хөнгөвчлөх боломжтой болж байгаа аж. Ингэснээр даатгалын ажилтнууд гэрээт эмнэлгүүдтэй илүү нягт хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн даатгуулагчдыг мэдээллээр ханган, санал гомдлын шууд утас ажиллуулах, сэтгэл ханамжийн судалгааг тогтмолжуулах, эмнэлэгт учирч буй бэрхшээлийг судлах болон алдаа, зөрчил  гарсан тохиолдолд ижил мэргэжилтний хөндлөнгийн үзлэгийг зохион байгуулж зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх ажлыг хэвшүүлэх зэрэг даатгуулагчид чиглэсэн олон ажлыг хийж гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ.
Shuud.mn
Сонин хачин