А.Гантулга: Ерөнхийлөгч аливаа зүйлийн эх ундарга ариун байх ёстой гэдгийг онцолсон
2012-02-08

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Гантулгатай ярилцлаа. -Өнгөрөгч баасан гаригт АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шатахууны үнийн асуудлаар мэдэгдэл гаргасан. Энэ ямар учиртай мэдэгдэл байсан юм бэ? -Цаг үеийн асуудлаар хуралдаж, өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийсэн юм. Тиймээс шатахууны үнийн асуудалтай холбоотой мэдэгдлийг гаргасан. Энэ тухай хүмүүс янз бүрийн санал сэтгэгдэлтэй байсан. Гэхдээ Гүйцэтгэх зөвлөлийн зүгээс өнгөрсөн асуудлын хойноос ярихдаа бус дахин ийм зүйл гарч болзошгүй гэдэг үүднээс урьдчилан сэргийлээсэй гэж уг мэдэгдлийг гаргасан юм. Аливаа бараа бүтээгдэхүүн ховор үедээ л үнэ ихтэй байдаг. Гэхдээ ингэж ховор байх нь хоёр янз байгаа юм. Монгол Улс нийлүүлж чадахгүй байгаадаа ховор байна уу гэдэг нь сонин. Улс төрийн бусад хүчнүүдийн хэлж буйгаар Ардчилсан намаас болж, бензиний үнэ нэмэгдлээ гэж яриад байгаа. Гэтэл бодит байдал дээр энэ чинь нийгмийн буруу системийн л үр дүн. Тиймээс энэ гажгийг бид засах хэрэгтэй. Ингэхийн тулд өөрсөддөө байгаа оношоос эхлэх хэрэгтэй хэмээн мэдэгдэл гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор бизнесийн салбарт ажилладаг хүний хувьд нэг зүйлийг хэлье. Шатахууны үнийг дагаж бүх зүйлийн үнэ өслөө гэдэг. Гэхдээ бодит байдал дээр манай бараа бүтээгдэхүүний үнэ хэзээ ч зах зээлийн жамаараа өсөхгүй байгаа. Буруу системтэй нийгэмд нэг нам дангаараа ноёрхохоор ийм зүйл болдог юм байна. Зөвхөн нэг жишээ хэлэхэд, сая шатахууны үнэ 17 хувиар нэмэгдсэн. Энэ нь шатахуунтай шууд холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ мөн хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл таксины үнэ 600 төгрөгөөс 17 хувиар нэмэгдэж 680 төгрөг болох ёстой байтал яагаад 900 төгрөг болчихов. Талх 1000 төгрөг байлаа гэхэд 70 төгрөгөөр нэмэгдэх ёстой байтал яагаад 300-400 төгрөг нэмэгдээд байгаа юм. Ингэж хий үнийн хөөрөгдөл гэдэг зүйл, төсвийн мөнгийг хэт нэг талдаа иддэг байдал л үүн дээр гарч ирж байгаа юм. -Тэгвэл таны бодлоор ямар арга хэмжээ авбал бензиний үнэ буурах вэ? -Бензин оруулж ирэхийг хүсч буй хүн бүрт зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй. Тэгвэл их хэмжээгээр орж ирэх нөхцөл нь бүрдэнэ. Үүний дараа тэд үнээ буулгаж өрсөлдөг. Өрсөлдөөний дундаас хэрэглэгч хожно. Нөгөө талаас бензин оруулж ирж байгаа хүмүүс өөрсдөө дэлхийн хэмжээнд сувагтай болж, үйл ажиллагаа нь өргөждөг. Тиймээс манай төр засаг бензин оруулж ирэхийг хүсч буй хүмүүст тусгай зөвшөөрөлийг элдэв зүйлээр шалтаглаж хориг саад хийдгээ болих хэрэгтэй. Би үүнийг өөрийн туршлагаар ч мэднэ. Хүссэн хүн бүр ийм эрхийг олж авч чаддаггүй юм. -Өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч Замын Үүд, Сайншандын иргэдтэй уулзалт хийх үеэрээ төр засгийн үйл ажиллагааны талаар нэлээд хатуухан үг хэлсэн. Сөрөг хүчний удирдах байгууллагын гишүүний хувьд дээрх үгийг хэрхэн хүлээн авсан бэ? -Ерөнхийлөгчийн илтгэлийг хоёр янзаар авч үзэх ёстой. Үүний эхнийх нь төр засгийн үйл ажиллагааг эх үндэс гэдэг байдлаар зүйрлэн маш оновчтой хэлсэн. Би өөрөө бурхны шашинтай хүн. Бурхны шашны номлолд аливаа зүйлийн эхлэл дор мөргө гэдэг. Ерөнхийлөгчийн хэлсэн зүйлийн агуулга нь аливаа зүйлийн эх ундарга цэвэр ариун байвал урсгал нь цэвэр ариун байдаг гэсэн санаа. Хүн гэдэг бол нийгмийн тогтолцооны амьтан. Нийгэм өөрөө газар нутаг, засаглал, хүн ам гэсэн гурван зүйлээс бүрддэг. Манайд газар нутаг бий. Цөөн ч гэсэн оюун ухаан төгс хүн ам нь байна. Харин бидэнд нийтлэг засаглал гэдэг зүйл маань сул байна. Энэ байдал нь эх ундарга буюу хоёр зүйл дээр цэвэр ариун байх ёстой. Үүний эхнийх нь хууль тогтоох байгууллага буюу парламент нь өөрөө монополь, олигархиар бус оюунлаг зүйлсээр бүрдэх ёстой гэсэн үг. Хоёрдугаарт, баталсан хуулийг хэрэгжүүлэх гүйцэтгэх засаглал нь цэвэр ариун байх ёстой. Эцсийнх нь, аль нэг тал нь буруу зүйл хийвэл түүнийг шүүн тунгаах шүүх нь цэвэр ариун байх ёстой. Энэ гурван зүйлийн бат холбоо нэгдэж чадаж байвал эрх мэдэл буюу сайн засаглал тогтдог. Эдгээр зүйл нь иргэн төвтэй байдаг. Тийм учраас Ерөнхийлөгч үүнийг онцлон хэлсэн болов уу. -Ерөнхийлөгч мөн үйлдвэрлэлийн талаар илтгэлдээ нэлээд тод ярьж байсан -Ардчилсан нийгэм гэдэг хэдхэн сэдэв дээр тогтдог. Энэ нийгэм биднийг хувийн өмчтэй болгосон. Хувийн өмчтэй болсон хүн худалдаа хийнэ. Энэ нь тухайн хүн өөртөө байхгүй зүйлээ өрөөл бусдаас авахын нэр. 1990 оны нийгэм бол бидний худалдааны сэдэв олох их аяны эхлэл байсан. Хүн бүр гахай үүрч байсан үе. Гэхдээ гахай үүрлээ гээд оюун ухаан цэцэглэдэггүй. Өөрийнхөө хоёр гараар үйлдвэрлэл гэдэг зүйлийг эрхэлж байж энэ нийгэм оршин тогтнох ёстой байсан. Ер нь социалист, капиталист нийгмийн аль алинд хэн нь илүү үйлдвэрлэлтэй болох вэ гэдэг зүйл л давамгайлж байсан. Тиймээс аливаа улсын хөгжил гэдэг үйлдвэрлэлтэй шууд холбоотой болж таарах нь. Тэгэхээр XX зууны сүүлийн хагас Монголчуудын хувьд худалдааны төлөөх үе байсан бол XXI зуун  үйлдвэрлэлийн зуун байх юм. -Авлига хээл хахуулийн торонд ард түмэн хүлэгдсэн тухай Ерөнхийлөгч дурьдаж байсан. Үүнийг та юу гэж бодож байна вэ? -Авлига гэдэг зүйл бол зөвхөн үйлдвэрлэл төдийгүй энэ нийгмийн эрх чөлөөг хавчин боогдуулж байгаа зүйл. Монгол орон өнгөрсөн 20 жилийн турш эрх чөлөөт орны тоонд ордог байсан. Эрх чөлөөт орон мөн эсэхийг хэмждэг таван үзүүлэлт байдаг юм билээ. Энэ үзүүлэлтээр улс орнуудыг үнэлдэг байгууллага  дэлхийд ганцхан байдаг нь АНУ-ын “Freedom of house” юм. Энэ байгууллага Монгол Улсыг эрх чөлөөт гэж үздэг байсан боловч 2008 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хагас эрх чөлөөт орон болгосон. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хувьд хагасын хагас эрх чөлөөт улс болгосон. Ийм байдалд хүргэсэн гол зүйл нь сонгуулийн үр дүн, мөргөлдөөн, үймээн гэдгээс түрүүлээд авлига гэдэг зүйл л байсан. Тухайн үйл явцын эхлэл нь өмнөх дөрвөн жил, түүнээс өмнө тавигдсан байсан хэрэг. Ингэж улайссан цучил дээр ганцхан шүдэнз шидэхэд л ийм аймшигтай үйл явдал болсон. -Тэгвэл таны бодлоор авлигатай хэрхэн тэмцэнэ гэж... -Ерөнхийлөгчийн хэлсэн зүйл болон парламентын талаасаа ч гэсэн нэг л зүйл байна. Өөрөөр хэлбэл, бидний баталж буй хууль нь ардчиллыг төрүүлдэг хууль байна уу, үгүй юу, ямар нэг байгууллага байгуулаад авлига сөнөх үү гэдэг нь өөрөө асуудал. Миний дээр хэлсэн бензин оруулж ирэхэд төлдөг элдэв төрлийн татаас нь авлигыг төрүүлдэг. Ер нь тухайн хууль зөв стандартаар гарна гэдэг авлигатай тэмцэхийн эхлэл. Нөгөө талаас тэрхүү хууль нь эдийн засгийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн байх ёстой. Ингэхийн тулд хуулийг хянах хууль хэрэгтэй. Тиймээс манай хэсэг нөхөд Сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачилсан. Гэтэл маш их гацаанд орсны эцэст сая батлагдлаа. Энэ угаас гарах ёстой л хууль байсан. -Улс төрийн намуудын бэлэн мөнгөний амлалт болон эдийн засгийн үзүүлэлт гэх том тоо ярьдаг байдлыг Ерөнхийлөгч шүүмжилж байсан. Үнэхээр энэ байдал иргэдэд маш хортойгоор нөлөөлж байна? -Монгол Улсын эдийн засгийн өсөлт төчнөөн хувиар нэмэгдлээ гэж яриад байдаг. Гэхдээ энэ тоо хэд байх нь чухал биш. Дугаар хорооны иргэн Дулмаагийн цалин хэдэн хувиар нэмэгдсэн бэ гэдэг нь л чухал. Гэрийнх нь тооноор, орцных нь хаалгаар хэд нь давж орж ирж байна вэ гэдэг л үр дүн. Энэ нь баялаг иргэдэд шууд хүрэх ёстой гэсэн санаа юм. Өнөөгийн хэрэгжүүлж буй хувьцаа нь нэг гарц мөн. Би үүнийг үгүйсгэхгүй. Харин нөгөөх нь Улсын төсөвтэй холбоотой. Энэ төсөв томрох тусам тухайн орны баялгийг хүссэн хүсээгүй нэг дарга гарын үсэг зурж шийдэхэд хүргэдэг. Ингээд ирэхээр даргын суудлын төлөө хүн бүхэн гүйхгүй гээд яах юм. Хэн ч ажил хийхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Татвар төлөгчдийн мөнгөн дээр хувалз мэт суугаад празит мэт идэхийг хүснэ. Үүний эсрэг төр өөрөө хязгаардлагдмал баялагтай байх ёстой. Эрх баригчдын яриад байгаа том тоо нь улсын хэмжээнд байлаа гэхэд түүний арваад хувиар нь л төр улсын төсөв хийх ёстой. Ингэхийн тулд эрүүл засаглалыг бий болгож, эрх ямбаас татгалзан, хувийн хэвшлийнхэн өөрсдийн баялгийг бүтээх боломжийг бий болгох ёстой. Ингэхийн тулд эрх мэдлийг орон нутагт өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг АН анх гаргаж ирсэн. Бид үүнийхээ анхны алхмыг хийж орон нутагт иргэд нь өөрөө нэр дэвшдэг болъё, нам том бодлогоо ярья гэж уриалаад байгаа юм. Гэвч үүнийг улиг болсон зүйлээр хязгаарлаж, Үндсэн хууль зөрчинө хэмээн тайлбарлаж байгаа. Түмэн хуулийн эрхийг хязгаарласан Үндсэн хуультай байх аваас түүнийг өөрчлөх талаар ярих болно. Гэхдээ энэ нь Үндсэн хууль руу халдана гэж байгаа юм биш. Харин Үндсэн хуулийн агуулга болсон хүний эрхийг хангахад нэг алхам ч болсон урагшлах ёстой юм шүү гэдэг санаа юм. Т.Гэрэл
Shuud.mn
Сонин хачин
HUN BNA:
Ene hunii yarij bga zuil en ih zov bodoltoi yarisan bn! Eronhiido Mongoliin Parlamentiig uurchilj shincheleh heregtei!
2012-02-09
Уншигч:
Ийм залуучуудыг УИХд дэвшуулэх хэрэгтэй л дээ МАНАН гийн олон удаа сонгогдсон ноходийг болиулох естой
2012-02-09
Good:
Mqsh sain
2012-02-08
Ene er ni Ikh zub zalyy shuu bor zurkhexeeree l ybaj baigaa kun dee
2012-02-08
Ganaa chi shuu
2012-02-08
Ene er ni Ikh zub zalyy shuu bor zurkhexeeree l ybaj baigaa kun dee