Эдийн засгийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртэх эрдэмтэд тодорлоо
2011-10-11

АНУ-ын эрдэмтэд Томас Саржент болон Кристофер Симс хоёр   “макро эдийн засаг дахь шалтгаан, үр дагаврын эмпирик судалгаа”-г хийж гүйцэтгэсний төлөө Нобелийн шагнал хүртлээ. Өчигдөр Шведийн Эзэн хааны Шинжлэх ухааны академиас  эдийн засгийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртэх эрдэмтдийн нэрсийг зарлаж, улмаар  дээрх нэр бүхий эрдэмтэд шагнал авах болсон нь тодроод байна. Томас Саржент, Кристофер Симс хоёрын гүйцэтгэсэн эмпирик судалгаа гэдэг нь юмс үзэгдлийг танин мэдэх өнө эртний арга хэлбэр бөгөөд энгийн ажиглалт дээр суурилдагаараа онцлог юм. Нью-Йоркийн их сургуулийн профессор эрдэмтэн Томас Саржент дайны дараахь он жилүүдэд улс орнууд эдийн засгийн өсөлтийг урьтал болгон инфляциа хөөрөгдөөд эцэс сүүлд нь эргээд үнийн өсөлтөө тогтворжуулахад анхаарч ирснийг, энэ үед өрхийн аж ахуй, хувийн сектор, том бизнесийн үйл хөдлөл хэрхэн өөрчлөгдөж байсныг гол сэдэв болгон судалжээ. Томас Саржент болон Кристофер Симс нар харилцан хамааралгүй ажиллаж байсан ч  Төв банкны хүү инфляци, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн, нөгөө талаас засгийн газар, сангийн яамны шийдвэрүүд хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, ДНБ-д хэрхэн нөлөөлж ирснийг тэдний  1970-1980-аад онд хийж гүйцэтгэсэн бүтээлүүд нь нэг нэгийгээ нөхсөн шинжтэй байжээ.Түүнчлэн  Саржент, Симс нарын бүтээл нь улс төр болон эдийн засгийн харилцан хамаарал, үйлчлэлийг олж тогтоосноороо ихээхэн онцлог болсон гэгддэг байна. Өнөөгийн улс төрчид, эдийн засагчид Томас Саржент болон Кристофер Симс  нарын санал болгосон аргуудыг ашиглаж байгаа нь тэдний судалгааны цар хүрээг илтгэж байгаа юм.  
Shuud.mn
Сонин хачин
Mongolchuud bid iimerhuu hun turulhtnii tuluu yumruu l sain zutgemeer bgn. Buh yum n show zugaa tsengeen ...
2011-10-30