Чи миний ертөнц
2012-02-14

Санахын шалтаг байвч уулзахын шалтаг үгүй байна Салаа хархан гэзгийг чинь магтаж л сууя даа хонгор минь Салхины хэлээр надад үгүйлдэгээ шивнэж явуулаарай Сарны тунгалаг туяан дор амрагийн дуу аялж өгье Уулзахын шалтаг байвч тэврэхийн шалтаг үгүй байна Уйтай намрын хяруунаар жиндээд л буцъя даа бүсгүй минь Уйлахад чинь урссан нулимс зүрхэн дээр минь унах юм бол Уучлал ирэн чамайг энгэртээ чанга тэвэрье Тэврэхийн шалтаг байвч үнсэхийн шалтаг үгүй байна Тийм л сайхан уруулыг чинь зүүдэлж л хоноёдоо энхрий минь Хацрын чинь ягаан туяанд уруулын минь ором үгүйлэгдэх юм бол Хайрын илчээ түгээж зөндөө удаан үнсье Үнсэхийн шалтаг байвч амраглахын шалтаг үгүй байна Үүрдийн учралаа гэж итгэж л явъя даа амраг минь Дэндүү чиг дасжээ чамдаа гэж уяран байж өгүүлэх юм бол Дэрэн дээр чинь чамтай наран ургахад сэрнэ ээ Санахын шалтаг надад байна Уулзахын шалтаг бидэнд байна Тэврэхийн шалтаг ч байна Үнсэхийн ч шалтаг бас байна Амраглахын шалтаг ч байгаа болохоор Ханилахын шалтаг хайгаад ч яахав Хамтдаа орчлонг туулъя Цал буурал үс санчиганд минь хожим суухад Цаг хугацаанаас зугтаж диваажин тийш очно оо Тэнд би чамайг хайраа дэвсэж хүлээнэ Тэврээс минь чи наран болж мандаарай Би орчлон болж чамайг тойрно оо Бид хоёр салахын учир үгүй ээ  ***                      ***                          ****       Зөрүүд хайр Өр зүрх минь хэзээ ингэж Өөрийн эрхгүй догдогдолсон билээ Өвсний шүүдэр хөлөө норгож Өглөөжин чамтай алхсан бил үү Хэзээ би зүрх сэтгэлээ Хэн нэгэнд өгсөн билээ Учрал тавилан зөрөхийн цагт Уйлж нулимсаа унагасан бил үү Заяа төөрөг юунд намайг Заавал түүнээс зөрүүлнэ вэ Хуурамч хорвоогийн жамыг аргадаж Хундага архи тавилантайгаа тулгахаас Халамцсан зүрх агсамнан цохиллооч Хаачих билээ тэндээ л байхаас Санахын шоронд өөрийгөө хорьчихоод Сарантай ханьсаж шөнөжин дуулах уу Өнчин шөнийн зүүдэнд тэр ирж Өнөөх шоронгоос намайг оргуулна Зүрхээ дагаж түүн рүү очихоос Зөрүүд хайр ийм л хойно доо     ***                      ***                          **** Хүсэл Чиний хүсэл минийхээс огт өөр Чимээгүй, аглагт сууж Магадгүй даянч болж Чамд хэлсэн хайртай гэдэг үгсийг минь Үнэн эсэхийг мэдэхийн тулд Үргэлж бодлогоширч, санаа алдаж Хааяа сэтгэлийнхээ гүнээс дүрийг минь  хайж олоод Хайртай гэдэг үгийг минь үнэн эсэхийг асуух биз Чиний хүсэл минийхээс огт өөр Чамд хайртай гэдэгт минь итгэдэг хэрнээ Чи минийх биш, минийх байгаагүй Миний хүсэл чинийхээс огт өөр Маргааш, нөгөөдөр, магадгүй олон жилийн турш Гоо үзэсгэлэнг чинь биширч Хэзээ ч юм бэ инээмсэглэж авахуулсан Хээнцэр хувцастай зүргийг чинь ширтэж Надад хайртай гэдэг чинь бат итгээд Ирэх өдрийг чинь хүлээдэг Миний хүсэл чинийхээс огт өөр Мэдэхгүй юм даа  чамд ийм их хайртай мөртлөө Би чинийх биш, чинийх байгаагүй Бид хоёрын хүсэл өгт оор ***                      ***                          **** Чи миний ертөнц /Өгүүллэг/ Нэг сэхээ ороод харвал ажил  тарах цаг болжээ. Цүнхээ шүүрч аваад жигтэйхэн яаруу гарч автобусны буудал орсоны дараа юунд  тэгтлээ яарсандаа өөрөө өөртөө гайхав. Намайг хүлээсэн хүн тэнд байхгүй. Бүр ганц ч хүн байхгүй байхад юундаа тэгтлээ яарсан юм бол оо. Бороо орохын өмнөх нам гүм байдал. Бараан үүлээр нүүрээ нуусан тэнгэр. Тэр үүлс тэнгэрт биш миний сэтгэлд нүүгээд байх шиг. Бороо ороосой тэгвэл ханатлаа уйлж сэтгэлээ онгойлгохгүй юу. Яагаад  ч юм бороо асгарсан ч хамаагүй гэртээ харин харьтал шалба норж алхмаар санагдав. Тэнгэрийн хаяанд үе үе цахилгаан гялбах нь заримдаа миний дүрсхийн уурлахтай адил юм шиг. Би ерөөсөө ертөнц бололтой. Тэнгэр бүрхэхээр гуньдаг. Бороо орохоор уйлмаар санагддаг юм шиг байна. Хотын замаар машинууд хурдлан давхиж, хажуугаар шүхэр дор эрхлэн нялхрах амраг хосууд өнгөрнө. Харих замд тааралддаг жигтэйхэн чамин хийцтэй шилэн байшингийн цонх нулимсаараа нүүрээ угаахаар  бороо хүлээх мэт халтартсан харагдана. Бороо ядаж дуслаасай. Хүлээх тусам уддаг болзооноосоо хоцордог амраг шиг минь энэ бороог уу. Уг нь би бороонд норох дургүй л дээ. Өнөөдөр яагаад ингэтлээ ангасан газар, хатсан цэцэг шиг бороонд норохыг хүсээд байгаагаа ерөөсөө ойлгохгүй юм. Магадгүй намайг тэврээд шүхэр барьж бороонд алхдаг тэр минь байхгүй болохоор тэгж хүсээд байгаа байх. Гэр хүрэх зам талдаа ч ороогүй байхад бороо дусалж эхлэв. Ингэж нэг юм хүсэл биелдэг байжээ. Ханатлаа уйлж авъя гэтэл нулимс дусалж өгсөнгүй. Ямар хачин сэтгэл вэ. Түрүүхэн л бороо дуслах л юм бол урсах гээд байсан нулимс одоо сэтгэлийн гүн рүү урсаад алга болчих шиг. Бороо шаагиж эхэллээ. Тэгсэн ч сэтгэлийн гүнд тээглээд байгаа хатуу бүхнийг урсгаж нулимс дусалсангүй. Борооны дуслууд хацар даган урсах нь хэн нэгэнд нулимс шиг харагддаг ч болоосой. Бүр тэрэнд минь харагддаг бол наддаа хүрээд ирэхгүй юу. Даанч хэн ч алга. Норсон болжмор хааяа нэг шурхийн нисэхээс өөр хань татах юмгүй болжээ. Ширүүн асгарах борооны дусал нэг нэгээр   цөөрсөөр намдаж, тэнгэрт нүүх бараан үүлс хаашаа ч юм яарч одов. Гэхдээ л сэтгэлд нэг л юм тээглэсээр. Би ертөнц биш юм байна. Өөрийгөө тэгтэл нь дөвийлгөж бодсондоо инээд хүрэв. Өдийд нөгөө чамин шилэн байшингийн цонхнууд нүүрээ угаасан хүүхэд шиг цэвэрхэн болсон байх даа гэсэн хаа хамаагүй бодол сэтгэлд орж ирнэ. Уг нь би сэтгэлд хөндүүрлэх гунигаа яг тэр шилэн байшингийн цонхнууд шиг бороонд угаахыг хүссэн юмсан. Даанч... Гэнэт яагаад ингэтлээ гунигласанаа ойлгов. Тэр минь миний дэргэд алга байгаа юм байна шүү дээ.  Орой бүр түүндээ очих гэж гэр рүүгээ яардаг байтал одоо тэр гэртээ байхгүй. Тэр минь л ирээсэй, тэгвэл сэтгэлд тээглэх бүхнээ инээдээрээ үйрүүлчихээд түүнийгээ тэврэхгүй юу. Ийн бодоод гэр рүүгээ яарлаа. Тэр ирчихээд намайг хүлээж байгаа ч юм бил үү. Яагаад ингэж алгуурлана вэ. Тэнд миний бүх л юм намайг хүлээж байхад. Зам дээр зогсч  гар өргөн унаанд суугаад гэрийнхээ зүг яарлаа. Машин бороонд норж харласан зам дээгүүр хурдлан давхина. Жолоочоо жаахан хурдан яваад өгөөч. Тэр минь ирчихээд... Нэг сэрээд харвал ажилд явах цаг болчихжээ. Хажууд минь нойрсох түүнийхээ амгалан болоод жаргалтай царайг ширтэн, уруул дээр нь үнсэхэд сэтгэл хачин цэлмэг тэнгэр л шиг. Гадаа бороо орж, цонх уйлан, үүлс гунигаа нимгэлэх гэж хичээнэ. Гэсэн ч би ажилдаа яарч, бороонд норохыг огтхон ч хүссэнгүй. Тэр минь дэргэд байхад миний сэтгэлд нар мандаж, уйтгарлах тэнгэрийг шоолж байв. Би орчлон биш чи минь орчлон юм байна. Чамайг инээхэд миний сэтгэлд нар манддаг байх нь ээ. Чи минь намайг гийгүүлэх, миний сэтгэлд мандах нар юм даа. Ажил эхлэх цаг аль хэдийн өнгөрчээ. Хөнжилдөө шургаад түүнийгээ тэвэрч жаргалтай санаа алдав. Өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Н.Пунцагболд “Монголын мэдээ” сонины сурвалжлагч    
Shuud.mn
Сонин хачин
Kherlen:
Puntagaadaa amjilt husie. Mundag yumaa.
2012-02-15
baterdene:
сайн болжээ.Пунцагаадаа утга зохиолын өндрөөс өндөр амжилт хүсье.Манай УЗНАДС-ын төгсөгчид үгийн жорыг үнэрттэл, амтагдтал бичдэг шүү.Энэ сайтад Х.Болор-эрдэнэ эгч бид 3ын бүтээл өнөөдөр байна.Магадгүй маргааш бүгдийнх нь уншигчдыг байлдан дагуулах болноо. УЗА төгсөгч Д.Бат-Эрдэнэ-с
2012-02-14