Улсын нийт ургацын 50 хувийг хураасан Сэлэнгэчүүд ургацын баяраа тэмдэглэлээ
2010-12-08

2010 онд ургац хураалтаар улсын хэмжээнд 366,3 мянган тонн үр тариа, 169,0 мянган тонн төмс, 90,3 мянган тонн  хүнсний ногоо, 38,9 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлээд байгаа.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Атрын гурав дахь аян”-ы хүрээнд  арвин ургац хураан авсан Сэлэнгэ аймгийн тариаланчид энэ сарын 04-нд ургацын баяраа тэмдэглэж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нар оролцсон юм.

Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр “Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр газар тариалангийн салбарт эрхзүй, эдийн засаг, техник технологийн шинэчлэл хийгдэж ард иргэдээ эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломж бүрдлээ. Тариаланч, механикжуулагч, ногоочдын залуу халааг бэлтгэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодитой үр дүн гарч байна гэдгийг мөн тэмдэглэв. Түүнчлэн энэ ажлыг эхлүүлэн дэмжиж ажиллахад Монгол Улсын Засгийн газраас олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлснийг онцолсон юм.

Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн тариаланчид улсын хэмжээний нийт ургацын 52,6, төмсний 26,8, хүнсний ногооны 33,5 хувийг дангаараа бэлтгэснийг Сангийн сайд сайшааж Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Тус аймаг энэ оны ургац хураалтаар 192,8 мянган тонн үр тариа, үүнээс 173,6 мянган тонн улаанбуудай, 45,4 мянган тонн төмс, 30,2 мянган тонн хүнсний ногоо, 15,4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч 142,8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулсан амжилтаар энэ жилийн ургацын баяраа тэмдэглэлээ.

Shuud.mn
Сонин хачин