Улаанбаатар
Хүүхдүүдээ ардын сургуулиас оргоод ч болсон гараад Кембрижийн сургуулийг зориорой
2012-2-16

Ардын боловсролыг олгоё гэхэд анх "Ламнизм" эсэргүүцэж байсан юм, яг түүн шиг Кембрижийг эсэргүүцэж байна Хойч үедээ Кембрижийн стандартын боловсрол олгоё гэж төр том зорилт тавьжээ. Тэгсэн чинь боловсрол мэддэг гэгддэг том эрдэмтэд, багш нар голдуу зад эсэргүүцэж байна. Нийгэм шинэ дэвшилтэт юм болгонд дургүй байдаг түүх бий. 1921 оноос одоогийн энэ шинэ боловсролыг үр хүүхдүүддээ олгож, хуучны лам сургалтын тогтолцооноос салъя гэхэд нийгмээрээ эсэргүүцэж байсан юм. Энэ тухай “ Түмний нэг “ гэдэг кинон дээр гардгийг хүүхдүүд санаж байгаа байх. Харин тэр үеийн лам сургалтын шавь банди нар олноороо сүм хийдээс зугтаж ардын сургуульд орж байлаа. Өнөөдөр боловсролын системд яг ийм юм, зөрчилдөөн байна. Эх эцэг нь бололцоотой хүүхдүүд нь төлбөртэй, бололцоогүй ч толгойтой хүүхдүүд нь төлбөргүй сурдаг дэлхийн стандартын “Кембриж” жишигт хүүхдүүд бэлэн харин томчууд бэлэн биш байна. БСШУЯ-наас хэдэн сургуульд Кембриж стандартын боловсрол олгохоор туршиж эхэллээ. Дэлхийд нийцсэн боловсролыг олж авахын төлөө харин хүүхдүүд ингэж бичиж байна. Хүүхдүүдээ Кембрижийн сургалттай сургууль руу оргоод ч болсон ирээрэй. Яг “Түмний нэг” кинонд гардаг шиг. Ядаж хүүхдүүдийнхээ сэтгэгдлийг сонсч үзээч, томчууд аа. Тэд ингэж бичиж байна. ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН БОЛМООР БАЙНА -КЕМБРИЖИЙН ТУХАЙ НАДАД АСУУЛТ БАЙНА - Сүхбаатар дүүргийн 1-р сургууль, 7а ангийн сурагч Б.Алтжин: Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа төрийн өмчит сургуульд яаж элсэх вэ. Ямар болзол шаардлага тавигддаг вэ? -Одоогоор “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лаборатори сургууль олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна. “Шинэ эрин” 160, “Шинэ эхлэл” 120, “Монгол тэмүүлэл” 40 сурагчтай. Цаашид Улаанбаатарт ес, 21 аймгийн төв тус бүрт нэг, хос хэлний нийт 30 сургууль байгуулахаар төлөвлөөд байна. Шалгалтыг тухай бүр зарлана. Энэ жил ямар хичээлээр хэзээ сонгон шалгаруулалт зарлах тухайд одоогоор эцэслэн шийдээгүй байна. Улаанбаатар хотын аль ч дүүргийн ЕБС-ийн сурагч шалгалт өгч болно. Өнгөрсөн жил математик, англи хэлээр шалгалт авч, тэнцсэн хүүхдүүд олон улсын хөтөлбөртэй сургуульд үнэ төлбөргүй суралцаж байна. Товчхондоо чи хэний хүүхэд вэ, эцэг эх чинь төлбөрийн мөнгө өгөх үү гэж асуухгүй. Чи ямар сурдаг хүүхэд вэ л гэж асууна. Шалгалтаа өгч тэнцсэн л бол хэний ч, хэн ч гэдэг хүүхэд олон улсын болон Монголын хөтөлбөрөөр зэрэг хичээллэнэ. Кембрижийн болон Монголын Ерөнхий боловсролын хоёр гэрчилгээтэй төгсөнө. Чингэлтэй дүүргийн 23-р сургууль, 7д ангийн сурагч Г.Нинжин: -Англи хэлээр, олон улсын хөтөлбөрөөр заах 11 хичээлээс сонгож үзнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? -Сурагч олон улсын шалгалт өгөх 11 хичээлээс зургаагаас доошгүйг сонгож үзнэ. Эцэг эхтэйгээ зөвлөж байгаад ирээдүйд эзэмших мэргэжил, их дээд сургуульд суралцах чиглэл, өөрийн авьяас сонирхолдоо нийцүүлэн сонгох боломжтой. БЗДүүргийн XV хорооны иргэн О.Золзаяа: -Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн сурагчид “Шинэ эрин” сургуультай танилцаж байхыг зурагтаар үзлээ. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, компьютерийн систем зэрэг нь үнэхээр гоё, хамгийн гол нь энэ бүгд төлбөргүй, эцэг эхчүүдээс мөнгө авахгүй гэдэг нь их таалагдаж байна. Гэхдээ ийм хэмжээний байр сав, хангалт хэрэгслээр сайн сургууль олныг барих мөнгө байгаа юу? -”Шинэ эрин” бол олон улсын хөтөлбөрөөр хичээллэх, БСШУЯ-ны харьяа лаборатори сургууль. Баянгол дүүрэгт байрлалтай, энэ сургуулийн барилгын зардал төсөв ердийнхөөс нэг их ялгаагүй. Гол нь дотно гадна шийдэл, дизайн нь өөр. Том танхимуудтай, багш нарын ажлын болон амралтын өрөө, номын сан, спорт, урлагийн заалтайгаар барьсан, сурагч, ажилтан хэн бүхэнд хялбар, найрсаг уур амьсгал бүрдүүлэхүйцээр тооцож төлөвлөсөн онцлог нь л өөр болохоос төсөв зардлын хувьд онцын ялгаагүй гэж болно. www.Facebook.com/Cambridge.Mongolia хаягаас авав. МОНГОЛЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ДЭЛХИЙД ЗӨВШӨӨРӨГДӨНӨ, БИ Ч ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН БОЛМООР БАЙНА - “Эрдмийн ундраа” цогцолборын 10и ангийн сурагч М.Ариунзаяа: -Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа төрийн өмчит сургууль төлбөртэй юу? -Олон улсын хөтөлбөрөөр хичээллэх “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лаборатори сургууль ажиллаж байна. Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлж буй гол шударга тал нь төлбөргүйд оршино. Эцэг эхийнх нь ашиг орлого, амьдралын түвшин хамаарахгүй. Шалгалтаа өгч тэнцэн суралцсан хэний ч хүүхдийн өмнө дэлхийн 160 гаруй орны 6000 гаруй их дээд сургуульд элсэн орох үүд хаалга нээгдэж байна. Монголд анх хувийн сургууль Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн бөгөөд ангиасаа хамаараад жилд 8000 ам.доллар хүртэл төлбөртэй. Төрийн өмчит сургууль огт төлбөргүй. Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЕБС, 10д анги Ванданзундуйн Оргилболд: -Бүх хичээл нь англи хэлээр явагддаг гэсэн. Монгол хэл, соёлоо алдах юм биш үү? -Олон улсын хөтөлбөрөөр шалгалт өгөх 11 төрлийн хичээл англиар зааж байна. Жишээ нь, математик, хими, физик, биологийн хичээлийг англиар заадаг. Англи хэлээр, олон улсын хөтөлбөрөөр, гадны сурах бичгээр үзнэ. Харин монгол хэл, монгол бичиг, түүх, уран зохиол, Монголын газар зүйгээс гадна нийгмийн хичээлүүдийг монголоор заадаг. Үндэсний хэл, соёлоо өвлөхийн зэрэгцээ олон улсын түвшинд суралцана. Хос хэлээр, хоёр өөр хөтөлбөрөөр хичээллэж байна, дэлхийн монгол хүнийг бэлтгэж байна гэсэн үг юм. Кембрижийн хөтөлбөрийн нэг гол онцлог нь энэ юм. Сурагч олон улсын шалгалт өгөх 11 хичээлээс зургаа хүртэлхийг нь сонгоно. Эмч болох хүүхэд хими, биологиийн хичээл түлхүү сонгож байхад инженерийн сургуульд оръё гэсэн нь математик, физик голлох жишээтэй. Архангай аймаг, ЕБ-ын 3-р сургууль, 11д Эрдэнэбатын Сувд-Эрдэнэ: -Төгсөхдөө зөвхөн олон улсын гэрчилгээ авах уу. Монголынхоо их дээд сургуульд элсэх сонирхолтой бол яах вэ? -Монголын болон олон улсын гэсэн хоёр гэрчилгээ авна. Гадаадад Кембрижийн сертитфикат нь, дотоодод Ерөнхий боловсролын гэрчилгээ нь их дээд сургуульд элсэн орох боломжийг олгоно. Монголын ерөнхий боловсрол дэлхийн шилдэг их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. ХОЁР ГЭРЧИЛГЭЭТЭЙ ТӨГСӨНӨ, ХӨТӨЛГӨӨ МОРЬТОЙ ХҮН БОЛНО, КЕМБРИЖИЙН СТАНДАРТЫН ТУХАЙ ХҮҮХДҮҮД ӨӨРСДӨӨ БИЧИЖ БАЙНА – Кембрижийн стандарт буюу олон улсын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчит, анхны лаборатори сургууль бол “ Шинэ эрин”. “ Монгол тэмүүлэл “, “ Шинэ эхлэл “ хэмээх содон нэртэй, “хоёр дүү” араасаа төрүүлсэн. Кембрижийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх “ тулгын гурав”-т VII-X ангийнхан олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна. Анхдагчид сургуулиа төгсөхдөө дотоодынхоо болон олон улсын боловсролын гэрчилгээг зэрэг гардана. 2013 оноос Улаанбаатарт ес, аймаг бүрт нэг, хос хэлний 30 сургууль байгуулагдана. Монгол улсаараа энэ хөтөлбөрийн шалгуурыг давбал 2017 онд Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн орны тоонд орж, дэлхийд зарлагдана. Кембрижийн стандарт нь уян хатан. Үндэсний хэл, соёлоо гээхгүй, өөрсдийнхөө хэн бэ гэдгийг мэддэг сурагчид төгсөн гарна. Монгол хэл, монгол бичиг, Монголын уран зохиол, түүхийн хичээл үзэж, монголоороо үлдэхийн зэрэгцээ англиар эрдэм ном үзнэ. Англи хэл, олон улсын хөтөлбөрөөр математик, хими, физик, биологи, биеийн тамир, зураг, бизнес судлал, компьютерийн хичээлүүд орж байна. Хоёр өөр хэл, хоёр ондоо хөтөлбөрөөр хичээлээ үзэж байгаа гэсэн үг. Хүүхэд эзэмших мэргэжлийнхээ дагуу хичээлээ сонгоно. Эмч болох хүүхэд гэхэд хими, биологийн хичээлээ сонгон түлхүү үзнэ. Багш, сурагчид багаар ажиллана, хүүхэд дүнгийн хойноос дүмбийтлээ хичээх биш өөрийгөө илэрхийлнэ, илүү чөлөөтэй. Анги бүр нь лабораторитой, үзсэн хичээлээ батлах, турших цаг, боломж олгох нь илүү наалдацтай. Амьдралд хэрэглэх чадвар сууна, цаг хожиж, сонгон суралцана. Монголын болон олон улсын гэрчилгээг хоёуланг нь авна. Маргааш ирээдүйн зүг хөтөлгөө морьтой гарна. Эх орныхоо их дээд сургуульд элсэнэ гэвэл Монголын гэрчилгээ нь хэрэг болно. Харин гадаадын их дээд сургуульд элсэнэ гэвэл олон улсын гэрчилгээ нь шалгалт өгөх эрх нээж байна. Дэлхийн 120 гаруй орны 5000 их дээд сургуульд энэ гэрчилгээ нь хүлээн зөв¬шөө¬рөгдөнө. Монголд эзэмшсэн ерөнхий боловс¬ролоорооо дэлхийд гарах виз гэсэн үг. Кемб¬рижийн стандартыг Монголд хувийн “Орчлон” сургууль нэвтрүүлсэн. Хувийн сургууль анхны шанг нь татсан боловч хүүхэд бүр хамрагдах боломжгүй. Яагаад гэвэл эцэг эхийнх нь ашиг орлого, төлбөрийн чадвараар хязгаарлагдана. Эцэг эх бүр үр хүүхдийнхээ ирээдүйн хувь заяаны төлөө хичээн зүтгэдэг ч ашиг орлого, мөнгө төгрөгнөөс хамаарч боломж нь ялгаатай. Харин төрийн өмчтэй сургуулиудад Кембрижийн хөтөлбөрийг төлбөргүй нэвтрүүлэхийн гол шударга тал нь хэр мөнгөтэй айл вэ гэдгээс үл хамааран хүүхдийн өмнө боломж нээгдэж байна. “Шинэ эрин” сургуульд анх 40 сурагч шалгаран сурч эхэлсэн бол өнөөдөр 160-уулаа болжээ. Багш нар нь ч сонгон шалгаруулалтад тэнцэж шүүгдсэн хүмүүс. “Кембрижийн гурав”-ын VII-X анги бүр хоёр бүлэгтэй, нэг нь 20-иос илүүгүй сурагчтай. Кембрижийн стандарт, олон улсын хөтөлбөрөөр хичээллэхийн давуу тал, нээгдэж буй шинэ боломжийн талаар “Шинэ эрин”-ий хүүхдүүд өөрсдөө ийн ярьж байна. 10а анги, сурагч Г.Мөнхболд: -Сонгон шалгаруулалтын тухай сонсоод, юу орж байгаагаа сайн мэдээгүйгээр шалгалт өгч тэнцсэн. Харин сургуульдаа ороод юуны төлөө сурч байгаагаа ойлгосон. Хамгийн чухал нь Монгол Улс сургуулиудаа шинэчлэхгүй бол дэлхийн хөгжил, даяаршлаас хоцрогдох нь. Ирээдүйг тодорхойлох хүмүүсийг өнөөдрөөс бэлтгэж эхэлж байгаад баяртай байна. Бид олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа нь сайхан хэрэг боловч үр дүн гаргах нь чухал. Хариуцлага, итгэл найдвар үүрч байгаа учраас өөрсдийгөө дайчлах хэрэгтэй болж байна. Тоглож наадах сайхан ч одоо бид өөрсдийгөө дайчлах хэрэгтэй. Найзуудын минь зорилго хувийн биш хувьсгалынх. Яагаад гэвэл бид одоохондоо олон улсын хөтөлбөрийн эрхийг бүрэн аваагүй байгаа шүү дээ. Миний ачаа нэмэгдэж байгаа хэдий ч бусдын итгэлийг авч байгаа болохоор бахархдаг. Нарны гэрлийг биеэрээ хүртэх тул урагшаа тэмүүлэх хүсэл минь оргилсоор байна. 10а анги, сурагч Эрдэнэбулган: -Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын CIE системийг Монголд нэвтрүүлэх том ажилд оролцож байгаа анхны сурагчдын нэг болсондоо баяртай байна. Миний хувьд олон улсын хөтөлбөр ямар ач холбогдолтой вэ, дэлхий дахинд зөвшөөрөгдсөн сертификат авч, Оксфорд, Кембриж зэрэг алдартай том сургуульд элсэн суралцаж, чадварлаг боловсон хүчин болох юм. Гэгээлэг ирээдүй, гэрэлтэй сайхан амьдрал намайг угтаж байна. 10а анги, сурагч Билгүүн: -Энэ сургуульд ороод олон өөрчлөлт гарсан шүү. Хуучин өглөө хичээл ороход нойрмог, эвшээлгээд л...Ангийнхантайгаа харилцах нь тун бага, чимээгүй суулгах нь их. Энд бол өөр. Илэн далангүй, чөлөөтэй, тэгэхдээ хичээлдээ илүү сонирхолтой, анхааралтай болсон. Ердийн сургуулиас хичээлийн хөтөлбөр нь онцлогтой. Хүүхэд бүр зургаан хичээл сонгох боломжтой. КЕМБРИЖИЙН СТАНДАРТ: ХУВЬ ЗАЯАГАА ӨӨРСДӨӨ СОНГОЖ БАЙНА “Дэлхийн боловсролыг Монголдоо” уриа биш ажил болж байна. Олон улсын хөтөлбөртэй анхны гурван сургууль Улаанбаатарт жилийн өмнөөс үүдээ нээж хичээл нь эхэлсэн. Анхных нь “Шинэ эрин”, удаах хоёр нь “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”. БСШУЯ-ны харьяа, олон улсын лаборатори сургуулиуд үнэ төлбөргүй. Шалгалтаа өгч тэнцсэн л бол аав ээжийнх нь ашиг орлогын хэмжээ, илүү мөнгөтэй боломжтой айлынх уу, эгэл ардын хүүхэд үү гэдэг нь энд хамаагүй. Заавал том компанийн захирал аавтай байх албагүй. Жирийн иргэн, эгэл ардын хүүхдийн өмнө дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэх зам дурайж байна. Олон улсын гэрчилгээ олгодог, хувийн сургуулийн жилийн төлбөр нь 8500 доллар юм. Олон улсын хөтөлбөрөөр үнэ төлбөргүй хичээллэх хос хэлний сургууль аймаг бүрт нэг, Улаанбаатарт ес, нийт 30 ийм сургууль байгуулах төлөвлөгөө гарчээ. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн анхны гурван сургуулийн 320 сурагч үе тэнгийнхээ гурван мянган хүүхдээс шалгарч тэнцсэн юм. Тэд Харвард, Стэйнфорд, Кембрижийн ирээдүйн монгол оюутнууд. Хос хэлний сургуулийн хүүхдүүд хоёр гэрчилгээтэй төгсөнө. Олон улсын болон Монгол ерөнхий боловсролын гэрчилгээ зэрэг гардана. Гадаадад суралцах хүсэлтэй бол олон улсын гэрчилгээ нь хэрэг болно. Эх орны их дээд сургуульд элсье гэвэл Монголын гэрчилгээтэй. Хөтөлгөө морьтой хүмүүс болно. Кембриж нь уян хатан хөтөлбөр. Үндэсний онцлог, хэв шинжээ хадгална. Нэг үгээр хэлбэл англи, монгол хэлээр хичээллэнэ. Монгол бичиг, монгол хэл, Монголын уран зохиол, Монголын түүх хичээлүүд монголоор орно. Өнөөдрийн байдлаар олон улсын шалгалт өгөх эрх авсан 11 хичээлээс англи хэлээр, Кембрижийн хөтөлбөрийн дагуу үзнэ. Хичээлээ сонгож үздэг нь Кембрижийн хөтөлбөрийн гол онцлог. Ирээдүйд эзэмших мэргэжил, авьяас сонирхол, хэрэгцээ шаардлагын дагуу эцэг эхтэйгээ ярьж зөвшилцөөд сонгодог юм байна. Инженер, эдийн засагч болох хүүхдэд математик түлхүү орно. Эмч болохыг зорьбол хими, байгалийн ухаанаар илүү гүнзгийрнэ. Хүүхэд бүр нэг хэвэнд цутгасан үйлдвэрийн бараа биш. Найман сая эс дундаас хүн болж төрсөн хувь заяаны эзэн, дахин давтагдашгүй бодьгал. Өөр өөрийн онцлог, авьяас, ирээдүй, эзэмших мэргэжил, сонирхолтой. Түүндээ таарч зохицсон хичээл сонгож үзвэл дур сонирхол нь нэмэгдэнэ, амьдралд хэрэглэх чадвар сууна. Монголынхоос хөтөлбөрийн агуулга нь нэг их ялгаагүй, үндсэндээ адилхан гэж БСШУ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Гагцхүү бүх зүйлийг нэг л том хайрцаг, хэмжээс, өнгө будганд оруулж чихдэггүйгээрээ сүрхий ялгаатай. Тооны хичээл өнөөдөр бүх хүүхдэд яг адилхан цаг, өгөгдлөөр орж байгааг өөрчилнө гэсэн үг. Багш бүгдэд нь адилхан математик заагаад л байдаг, үр дүн нь өөр өөр. Математикийн хичээл зайлшгүй хэрэгтэй. Тэгэхдээ хүүхэд бүрт адилхан биш авьяас сонирхол, хэрэгцээ шаардлага, ирээдүйд эзэмших мэргэжлийг нь харгалзаж үзээд ялгаатай орно гэсэн үг. Бүгдийг тэгшитгэж адилтгахын бас нэг сул тал нь авьяастай хүүхдийг ч боож хойш татна, сулыг нь бүр гээнэ. Жишээ нь, тоонд онцгой сайн, ердийн, дунд зэргийн, нэлээн муу хүүхдийн дунд шалгалтын нэг л материал, адилхан бодлогууд ирнэ. Харилцан адилгүй хүүхдүүдийг нэг адил зүйлээр хэмждэг. Маш сайн хүүхдэд өөрийнх нь түвшингээс доогуур шалгуур өгөхөөр өөрөө өөртөө ханах, улам илүү их өөрийгөө нээх боломжийг алдана. Эсвэл нөгөө хэсгийнх нь урам , өөртөө итгэх итгэлийг нь хугалж орхидог. Хүүхэд бүрт байгаа давуу тал, боломжийг хөгжүүлж, ялгаа, онцлогтой нь тулж ажилладгаараа ялгаатай юм байна. Бас нэг том онцлог нь Кембрижийн стандартын үнэлгээ хүүхдийг дугаарлахгүй. Сурагчийг сурагчтай харьцуулдаггүй. Сурагч тус бүрийг хичээлийнх нь хөтөлбөртэй харьцуулж, юу чадах ёстойгоос юуг нь чадахгүй байгааг тодорхойлно. Хаана хүрэх хэрэгтэй тэнд нь хүргэнэ. Хүүхэд бүрийн ахиц дэвшилд тулгуурлаж суралцуулдаг систем юм. Олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа сурагчид өөрсдөө ахиц дэвшил, ялгаа онцлог, давуу тал, нээгдэж буй боломжийн талаар бичиж байна: 10б Б.Сайнбаяр Надад хамгийн их таалагдаж буй зүйл нь номын сан. Уран зохиол, танин мэдэхүйн шинэ ном үргэлж ирнэ, бас их тохилог. Удахгүй манай сургууль шинэ байрандаа нүүж орно. Энэ сургуульд ороод өөртөө илүү их итгэдэг болсон. Гол хичээлүүдээ англи хэлээр үзэж, монгол сургуульд тэр бүр заадаггүй хичээл түлхүү орж байна. 10б Хонгорзул Манай сургууль төрийн өмчит, Кембрижийн хөтөлбөрөөр үнэ төлбөргүй хичээллэдгээрээ ялгаатай. Анги бүрт компьютер, проектор, байгалийн ухааны хичээлийн тоног төхөөрөмж, оёдлын машин ч бий. Цөөн хүүхэдтэй тул багш нар хүүхэдтэйгээ тулж ажиллах хүрэлцээ нь илүү. Багш нар маань шалгалт өгч тэнцэн, шалгарсан мундаг хүмүүс. Мэдэхгүй, чадахгүй юм цөөнгүй гардаг л даа. Хичээл зүтгэлээр л давна. Хичээлээ сонгож үздэг, англи, монгол хэлээр явагддаг болохоор ачаалал их ч гэсэн сонирхолтой. Бид сайн суралцаж чадвал зөвхөн бидний амжилт биш. Улс орны амжилт болно. 10б Б.Биндэрьяа Ердийн системд багшийн хий гэснийг нь сурагч биелүүлдэг, бие даадаггүй. Энд багш чиглүүлэгч, мэдээлэл өгөгч. Сурагч өөрсдөө асуудлын хариуг хайж, багаар ажиллаж, өөрсдөдөө илүү тогтоцтой, үлдэцтэй мэдлэг олж авдаг. Мэдээж илүү сонирхолтой. 10б Ж.Баасандорж Нүд ирмэхийн зуур нэг жил өнгөрч, бид улам сайн хичээж байна. Бид хичээх ёстой. Учир нь миний, бидний хувьд маш том боломж, маш том аз завшаан. Хэрэв бид тэнцэх юм бол олон сайн боловсон хүчин болж, эх орноо хөгжүүлнэ. Шалгалтаа заавал амжилттай өгнө өө. 10б Б.Буяндэлгэр Иж бүрэн тоноглол, Кембрижийн сурах бичгээр хангагдсан. Багш нар маань заах арга сайтай, хүүхдийг ойлгодог хүмүүс байгаа. Төгсөөд гадаадын алдартай их сургуульд орно, Монголдоо хэрэгтэй хүн болно. 10б А.Золзаяа Боловсролын шинэчлэл хийгдэж эхэлсэн нь маш том хөрөнгө оруулалт. “Шинэ Эрин”-ий анхны 40 сурагчийн нэг болсноороо би их азтай. Олон улсын хөтөлбөрөөр хичээллэснээр дэлхийд хөл тавих боломж бидний өмнө нээгдэж байна. Төр засаг бүх зүйлээр хангаж дэмжиж байгаад хүүхдүүд бид маш их баярлаж байгаа. Бүгд хичээлдээ сайн суралцаж баярласнаа хариулна. 10б О.Анармаа Монголынхоо болон олон улсын ерөнхий боловсролын хоёр гэрчилгээтэй төгсөнө. Олон улсад зөвшөөрөгдсөн IGCSE шалгалтыг өгөх боломжтой болно. Энэ шалгалтад тэнцвэл гадаадад суралцана. Шалгалтаа давахад англи хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай. Бид одооноос бэлтгэж, англи хэлээр сонгосон хичээлүүдээ үзэж байгаа. Бүгдээрээ шалгалтаа сайн өгч, Монголдоо хэрэгтэй, мундаг хүмүүс болцгооё гэж хичээж байгаа шүү.
Shuud.mn
Сонин хачин