Иргэд 21 мянга, махны төлөө, улстөрчид сонгуулийн ялалтын төлөө тэмцэлдсээр
2012-02-20

Шинэ долоо хоногт монголчууд  хэл ам хийж, хараал хэлж, муу зүйл хийх байтугай бодохыг ч хориглодог Сар шинэтэйгээ золгоно. Тэгэхээр энэ долоо хоног бэлэг дэмбэрэлийн үгс,  ерөөл магтаалаар бялхаж, шагнал урамшил  хөвөрсөн халуун дулаан болно. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  нийгэм тэр чигтээ бухимдал, уур цухлаар дүүрэн байлаа. Цагаан сардаа бэлдэх иргэд  эрх мэдэлтнүүдийн хазаарыг нь татаж дийлээгүй үнийг хөөрөгдөлд бухимдаж,  үнэ нь тэнгэрт хадаж олдоц нь ховордсон мах, сардаа нэг бор ходоод тэтгэдэг 21 мянган төгрөгийн очерт  тэмцэлдэж  өнгөрүүллээ. Сар шинэдээ амны билэггүй байлтаа биш төрийн хишиг ирэхээр болно хэмээн бодсон буурлууд хав дарж хадгалсан хэдийгээ гаргаж, өр зээл тавих нь тавьж  эрвийх дэрвийхээрээ баяртаа бэлдэж байна. Ийм үед сэтгэл тайвшруулж байгаа нэг зүйл нь цаг наашилж, дугаарлаж зогсоход осгож хөлдчих гээд байдаг нь арай гайгүй болсон. Тэгвэл Төрийн ордонд тэс өөр уур амьсгал ноёрхоно. Цаг явж сонгуулийн сар дөхөх тусам улстөрчдийн хэрүүл туйлширч шийдвэр гарахгүй, ажил явахгүй болж байна. Парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн намрын чуулган хугацаа сунгаж хуралдсан ч хэлэлцэх чухал асуудлуудаа амжуулсангүй. Ирэх сард ээлжит бус хуралдаан хийхээр болж  тарлаа. Сонгуулийн ялалт сэрүүн зүүдлэх улстөрчдийн амбицад тэтгэврийн зөрүүг арилгах, төсвийн тодотгол, эхэд урамшуулал олгох, орон нутгийн сонгуулийн хууль,  байгалийн баялгаас иргэдэд хүртээх хишиг хувь болох хувьцаа,  бэлэн мөнгөний амлалт гээд цаг үеийн олон асуудал нээлттэй үлдсэн. УИХ дахь МАН, АН-ын бүлгийнхэн орой бүр телевизийн дэлгэцээр зөрүүтэй мэдээлэл өгч, хэрүүл тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ сиймхийгээр сонгуулиас өмнө хувийн эрх ашигт нь нийцсэн зарим нэг хуулиа ч батлуулчих гэсэн гишүүд цөөнгүй. Сонгуулийн сурталчилгаа дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлэх болохоор хэрэлдэх, хэлэлцэх хангалттай хугацаа байгаа гэж бодсон парламентын гишүүд асуудлыг яаран шийдэх сонирхолгүй байна. Тэгвэл Төрийн ордны гаднах улстөр нэлээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. АН-аас “Шонхор” гэх фракци мэндлээд удаагүй байтал залуу үеийн голдуу нэгдсэн “Мөнх тэнгэр” фракци албан ёсоор байгуулагдсанаа зарлав. ҮЗХ-ны гишүүдээс бүрдэх энэ фракци улстөрд шинэ уур амьсгал оруулж, улстөрийн шинэ соёл нэвтрүүлж, шинэ боломжуудыг иргэдэд нээх  аж. Үүнийг  улстөрд шинэ үр тарьж шимтэй ургац авна  хэмээн товчхон дүгнэсэн юм. Сонгуулиар дараагийн ээлжинд парламентад орчих санаатай фракциудын араас намуудын нэгдэл залгав. МАХН, МҮАН, БНН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, МЛН-ууд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаагаа бат бэх байхыг билэгдэж таван сум багцлах ёслол ч үйлдээд авав. Тэд улстөрд гуравдагч хүчин болж орж ирнэ гэдэгтээ их л итгэлтэй байгаа бололтой. Олигархиудын бүлэглэлийн эсрэг өрсөлдөнө гэж байна. Долоо хоногийн төгсгөлд МоАХ  дөрөвдүгээр их хурлаа хийж мөн өнөөгийн эрх баригчдыг шүүмжилж, өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг хэлж байна.  Ардчилал “буруу эргэлт” хийгээд байгааг шүүмжилж цагаан морин жилийн хувьсгалаа давтахыг уриаллаа. Гэхдээ жагсаал цуглаан, өлсгөлөнгөөр бус бодлого, оюуны хүчээр хийх тухай ярьж байна. МоАХН-ны хуралд ардчилсан хувьсгалын партизанууд цугларч 22 жилийн өмнө хөхөө өвлийн хүйтэнд жагсч, тэмцэж явсны утга учир алдагдаад буйг шүүцгээж, ардчиллаа аврахын төлөө шударга сонгууль явуулахыг уриалсан юм.   Б.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН -Д ШУДАРГА ХҮМҮҮС БАЙДАГ Ч ГЭХ ШИГ. ХҮЙСЭЭ СОЛЬСОН МАНИН ГАМБУУШ ШИГ АЯГЛАЖ БАЙГАА АН-ЫГ ЮУНДАА СОНГОДОГ БАЙНАА. МАНИН ГАМБУУШИЙГ ЭМЭГТЭЙ ГЭЭД АНДУУРААД СОНГОЖ БАЙГААТАЙ АДИЛХАН БАЙХ БОЛНО
2012-06-11
зочин:
Эрдэс баялгийн хараал гэхээсээ илүү Элбэгдоржийн доромжлолыг ард олон ихээр амсч байна
2012-06-11
Батболд:
Та нарыг дахиж сонгохгүй ээ Өөр нам сонгоно харж байгаарай Эсвэл АН-ын овоо шударгачуудыг сонгоноо
2012-02-20
Anti Nuclear:
Г.Зандашатар тэргүүтнүүд цөмийн хаягдлыг Монголд булшлах 10 тэрбумын долларын гэрээ хийж байсныг С.Энхбат дэлгэлээ http://sonin.mn/2012/02/%d0%b3-%d0%b7%d0%b0%d0%bd%d0%b4%d0%b0%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80-%d1%82%d1%8d%d1%80%d0%b3%d2%af%d2%af%d1%82%d0%bd%d2%af%d2%af%d0%b4-%d1%86%d3%a9%d0%bc%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b0%d1%8f%d0%b3/
2012-02-20