Сэлэнгэ аймгаас хамгийн олон аваргууд төрөн гарлаа
2012-02-20

Жил бүрийн цагаан сарын өмнөхөн Монгол улсын Засгийн газраас Улсын сайн малчин, улсын тэргүүний тариаланчдыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Сэлэнгэ аймаг улсын хэмжээнд хамгийн олон аваргуудыг төрүүлсэн гэдгээрээ онцлогтой. Тус аймаг энэ жил Улсын аварга тариаланч хамт олон дөрөв, Улсын Тэргүүний тариаланч дөрөв, Улсын сайн малчин хоёр төрөн гарсан бахдам сайхан амжилттай туулай жилээ үдсэн байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт, ХХААХҮ-ын дэд сайд П.Баянмөнх, ЗГХЭГ-ийн дэд дарга Д.Нямжав нар  Сэлэнгэ аймагт ажиллаж Улсын сайн малчин тариаланчдын шагналыг гардууллаа. Тус аймгаас “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор Цагааннуур сумын Гацуурт ХХК, Ерөө сумын Доолт ХХК, Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК, “Улсын тэргүүний тариаланч”-аар  Шаамар сумын иргэн Д.Баатарцоож, Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн механикжуулагч Б.Буянбат нар шалгарсан байна. Мөн “Улсын сайн малчин”-аар  Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Дамчаагийн Жамсран, Алтан тугалын эзнээр Алтанбулаг сумын 3-р багийн малчин Ж.Цолмон нар тодорсоныг энэ үеэр гардуулсан юм. Сэлэнгэ аймгийн хувьд Атрын гурав дахь аян, тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж сүүлийн хэдэн жил хамгийн их ургац хураан аваад байгаа. Энэ жил байгаль цаг цагаар ч таатай, малчин тариаланчид маань ч амжилт бүтээл өндөр, ургац арвинтай, малын тоо толгой бүрэн өнөтэй сайхан өвөлжжээ. Энэ үеэр хөдөө орон нутгийн иргэд  өөрийн бизнесээ өргөжүүлж, өөрсдийн амьдрал ахуйгаа сайжруулж байгаагийн төлөө биднийг төр засаг ингэж шагнаж урамшуулж байгаад ихэд талархаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд төр засгаас мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр томоохон бодлого явуулж, энэ салбарын төдийгүй, хүнээ анхаарсан маш чухал арга хэмжээ болж байгаа гэдгийг хэлж байлаа. Жил бүр хөдөө орон нутгаар явж байхад иргэдийн амьдрал, итгэл үнэмшил, урам зориг нь улам нэмэгдсэн, хөдөлмөр бүтээл нь ундарсан, төр засгийн бодлого хувь хүний хичээл зүтгэл нийлж амжилттай байгааг харахад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын гишүүн С.Баярцогт илэрхийлсэн юм. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин