О.Насанбурмаа Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2012-02-21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, хууль эрх зүй, батлан хамгаалах, газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг цол, одон, медалиар шагнав. Монгол Улсын  мал аж ахуйн салбарт хагас зуун жил хөдөлмөрлөхдөө  Галбын говийн улаан тэмээн сүргийг төлийн хорогдолгүй өсгөн үржүүлж, нутаг орныхондоо алхам тутамдаа үлгэр үзүүлэн, аймгийн аварга малчнаар гурвантаа шалгарч, найман хүүхдээ малчин болгон туршлагаа өвлүүлсэн  Өмнөговь Аймгийн Ханбогд сумын тэмээчин Дэлэгийн Хүүхэнд Монголын Улсын гавьяат малчин цол,  улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баянмөнхийн Гантогтох, Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын шигшээ багийн тамирчин Очирбатын Насанбурмаа нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол, нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, ахмад хуульч Дуламын Пунцагт Монгол Улсын гавьяат хуульч цол, Эрдэнэ Жаст ХХК-ийн геологич Аюурзанын Готовсүрэнд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, нийслэлийн Баянзурх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, өндөр настан Цэндийн Сандагдорж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам, Алдар спорт хорооны биеийн тамирын зааварлагч Ишдоржийн Доржсамбуу, Хилчин спорт клубын дасгалжуулагч Мижиддоржийн Жамъянпүрэв нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Архангай аймгийн Хотонт сумын иргэн, өндөр настан Түдэвдагвын Чүлтэмдорж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны өндөр настан Ядмаагийн Бямбаренчин, 13 дугаар хорооны иргэн, худалдааны байгууллагын ахмад ажилтан Дугаржавын Нямаа, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, өндөр настан Аюушийн Мухаанжав, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Рахметжаны Кэнээсар, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн, эмийн үйлдвэрийн ахмад ажилтан Данзаны Базарбядарнаа нарт Алтан гадас одон, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн, ахмад багш Содномын Ичинхорлоо, “Атар өргөө” ХХК-ийн технологийн ажилтан Дамдины Гончигдорж нарт Хөдөлмөрийн хүндэт медаль Ерөнхийлөгч өнөөдөр гардуулан баяр хүргэлээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол түмний их баяр, билэг билгүүний хоймор хүндэтгэл болсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн Цагаан сарын баярыг тохиолдуулж битүүний энэ өдөр нийт ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлье. XVII дугаар жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн босгон дээр хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, амжилт ололтоороо шалгарч олон түмнийхээ хүндэтгэл хайрыг хүлээсэн иргэд маань төрийн одон, медаль хүртээд байна. Энэхүү шагналаар галбын говийн тэмээчин, улс орныхоо нэр төрийг олон улсын хийгээд тив дэлхийн тавцнаа дуурсган алдаршуулсан манай шилдэг тамирчдын төлөөлөл, шударга ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн төлөө шүүх, хуулийн байгууллагад насаараа ажилласан ахмад үеийн төлөөлөл, газар зүй, геологи, худалдаа, эрүүл мэнд, технологийн салбарт олон жил өндөр үр бүтээлтэй ажилласан хийгээд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байсан ахмад дайчдын төлөөлөл гавьяа зүтгэлээ үнэлүүллээ. Тэдний дундаас говийн эгэл нэгэн тэмээчнийг онцлон дурдмаар байна. Монгол Улсын мал аж ахуйн салбарт хагас зуун жил хөдөлмөрлөхдөө Галбын говийн улаан тэмээн сүргийг төлийн хорогдолгүй өсгөн үржүүлж, нутаг орныхондоо алхам тутамдаа үлгэр үзүүлэн, аймгийн аварга малчнаар гурвантаа шалгарч, найман хүүхдээ малчин болгон туршлагаа өвлүүлсэн Өмнөговь Аймгийн Ханбогд сумын тэмээчин Дэлэгийн Хүүхэн гуай өнөөдөр Монголын Улсын гавьяат малчин гэдэг өндөр цол хүртлээ. Тив дэлхийн түвшинд Монгол Улсынхаа нэрийг, төрийнхөө далбааг өндөрт өргөж яваа эгэл нэгэн эмэгтэй тамирчныг бас онцлон хэлэхийг хүсч байна. Энэ хүн бол эмэгтэй бөхчүүдээс ганцаараа дэлхийн хошоо хүрэл медаль хүртэж, 2012 оны Лондоны олимпийн эрхээ авчихаад бэлтгэлээ базаан хөдөлмөрлөж буй Очирбатын Насанбурмаа юм. Насанбурмаа маань өнөөдөр бас Монгол Улсын  гавьяат тамирчин гэдэг эрхэм цолыг хүртлээ. Мөн өнөөдөр дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн ордыг нээн илрүүлэхэд гар бие оролцож явсан ахмад геологич Аюурзанын Готовсүрэн гуай Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртлээ. Энэчлэн өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Та бүхэнд бүгдэд нь баяр хүргэж, луу жилдээ улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе. Цагаан сараараа цагаан идээгээ дээжлэж, үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж, өвөг дээдэс, азай буурлуудаа баярлуулан хүндэтгэж, монгол ёс, уламжлал заншлаа сэргээж, сайны ерөөлийг хэлэлцэж сар шинэдээ сайхан шинэлэхийг нийт ард иргэддээ хүсэн ерөөе” гэв.
Shuud.mn
Сонин хачин
ner hundgui bolson mongoliin toriin shagnal bol yostoi orobdmoor zuil shuu dee.Hoorhii.
2012-02-23
amraa:
bukaa chi shuu bi chamd hairtai chi minii ehenr bolno oo
2012-02-22
Аагий:
Букадаа баяр хүргэе. Энэ эрч хүч хөдөлмөр зүтгэлээрээ Олимпийн аварга болоорой дүү минь
2012-02-21
GANAA ENHBAYARIIN UYED AVAH BAISAN ODOO AVCH BNA DELHII AZIAS MEDALI AVSAN CHOLOOTIIN GARAMGAI TAMIRCHIN
2012-02-21
Жавхаа:
Гантогтох ямар гавьяа байгуулсан гэж энэ цолыг хүртээ юм болоо
2012-02-21