84 дэх удаагийн Оскарын од нь "Жүжигчин"
2012-02-27

Лос-Анжелосын Кодак театрт болж өндөрлөсөн 84 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын жинхэнэ нээлт болж чадсан гялалзагч од нь “Жүжигчин” болон түүний бүтээлчид. 84 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Кино академийн дээд шагнал гардуулах ёслолын хамгийн оргил хэсэг болох номинацид 2011 онд бүтээгдэж олны хүртээл болсон шилдгийн шилдэг найман кино нэр дэвшсэнээс Францын кино найруулагч Мичел Хазанавич, продюсер Томас Лангман нарын бүтээл “Жүжигчин” хэмээх кино ялагчаар тодорлоо. Техник, технологийн дэвшлээр дэлгэцний бүтээлийг өвч бүрэн чимэх болсон 2012 онд компьютер графикаар  “зэвсэглэгдсэн” америкийн гайхалтай кинонуудыг ямар ч эффект хэрэглээгүй, зөвхөн найруулагч, уран бүтээлчдийн гайхалтай уран сайхны шийдэл, төгс зураг авалтаар бүтээгдсэн эртний гэмээр 1920-иод оны үеийн хар цагаан өнгө бүхий кино ялж буй нь энэ удаагийн Оскарын гайхалтай нээлт нь болж өглөө. Гол дүрийн жүжигчин Жан Дьюардин нь Брэд Питт, Гэри Олдмэн, Жорж Клуни нартай өрсөлдөн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр шалгарсан бол найруулагч найруулагч Мичел Хазанавич шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ. Америкийн кино академийн дээд шагнал Оскараас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэгсдийн нэрсийн жагсаалт франц жүжигчнээр үргэлжлэн бичигдэж буй нь энэ юм. "Жүжигчин" кинонд Жорж Валентины дүрийг гайхалтай бүтээсэн францын инээдмийн киноны од Жан Дьюардин энэ удаагийн Оскарын бас нэгэн нээлт. Энэ жилийн олон улсын кино наадмуудаас шагналын хур буулгаад байсан Жан Дьюардин ийнхүү Оскараас ч ганзага хоосонгүй буцаж байна. Түүнийг Оскарт гол дүрийн эрэгтэй жүжигчний номинацид зүй ёсоор өрсөлдөх эрхтэй хэмээн кино шүүмжлэгчид бичиж байсан. Энэ нь ч биелэлээ олж байна. Хэдийгээр алдарт найруулагч Мартин Скорсезийн “Hugo” кино энэ удаагийн Оскарт 11 номинацид нэр дэвшиж улмаар таван ч төрөлд ялагчаар тодорсон хэдий ч “Жүжигчин” кино ийнхүү хамгийн томоохон таван номинаци болох шилдэг бүтээл, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг киноны хөгжим, шилдэг хувцас загвар хэмээх номинациудад шагналыг нь хүртээд байна.   Азгүй Брэд Питт ба "Төмөр хатагтай" Мерил Стрип Холливудын авьяаслаг шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Брэд Питт энэ удаа мөн л шагналгүй үлдлээ. Түүний энэ жилийн Оскарт нэр дэвшсэн "Moneyball" кино нэг ч төрөлд ялагч болж амжсангүй.  Харин Их Британийн төмөр хатагтай хэмээн алдаршсан ерөнхий сайд Маргарет Тетчерийн дүрийг бүтээсэн, эмэгтэй жүжигчдээс хамгийн олон буюу 17 удаа Оскарт нэр дэвшсэн алдарт Мерил Стрип энэ удаагийн Оскараас гурав дахь шилдэг эмэгтэй дүрийн шагналаа хүртсэн юм. Маргарет Тетчерийн тухай түүхэн кино болох "Iron Lady" мөнхүү шилдэг нүүр будалт хэмээх номинацид ялагчаар тодорсон.   Шилдэг гадаад хэл дээрх киноны номинацид Бельгийн Bullhead, Израйлийн Footnote,  Польшийн In Darkness, Канадын  Monsieur Lazhar, Ираны A Separation кинонууд өрсөлдсөнөөс Ираны найруулагч Ашгар Фархадигийн  A Separation кино ялагчаар тодорлоо. Энэхүү кино нь энэ жилийн Алтан бөмбөрцөгийн шилдэг гадаад хэл дээрх киноны шагналыг мөн хүртээд байсан билээ. Тиймээс ч тус киног Оскарын шагнал авна хэмээх таамаглал хэвлэлүүдээр гарсан билээ. Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг канадын нэрт  жүжигчин Кристофер Пламмер найруулагч Майк Милсийн Beginners кинонд бүтээсэн эцгийн дүрээр хүртсэн юм. Мөн эмэгтэй туслах дүрийн шагналыг Октавиа Спенсер “The Help” киноны Минни Жексоны дүрээрхүртлээ. Тав дахь Оскараа хүртэж буй амьд домог Шилдэг кино зохиол номинацид The Artist, Bridesmaids, Margin Call, Midnight in Paris, The Separation кинонууд нэр дэвшин өрсөлдсөнөөс алдарт найруулагч Вүүди Аллены өөрөө найруулж, зохиолыг нь бичсэн Midnight in Paris кино шалгарсан юм. Ингэснээр Вүүди Аллен тав дахь удаагийнхаа Оскарын шагналыг хүртэж байгаа нь энэ юм. Тэрбээр өмнө нь кино академийн дээд шагналд 23 удаа нэр дэвшиж байснаас 15-д нь шилдэг дэлгэцийн зохиолоор нэр дэвшиж байсан юм. Вүүди Аллены Midnight in Paris буюу Парисын шөнө дунд хэмээх энэхүү кино нь өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд нь Оуэн Уилсон, Марион Котильярд, Адриан Броди, Карла Бруни, Майкл Шин нар тогложээ. Сүүлийн жилүүдэд кино урлагийн нэгэн салшгүй томоохон хэсэг болоод буй анимэйшн бүтээлүүд жил жилийн Оскарын шагналын хамгийн сонирхолтой бөгөөд өрсөлдөөнтэй номинацийг бүрдүүлдэг билээ. Кунгфу Панда, Гуталт муурыг ялсан Гор Вербинскийн гүрвэл  Энэ жилийн шилдэг анимэйшн киноны номинацид A Cat in Paris, Chico & Rita, Kung Fu Panda – 2, Puss in Boots, Rango зэрэг анимэйшн кинонууд өрсөлдсөнөөс Карибын тэнгисийн дээрэмчин киногоороо алдаршаад буй найруулагч Гор Вербинскигийн өнгөрсөн жилийн бүтээл Rango хэмээх анимэйшн шалгарсан. Rango хэмээх гүрвэлийн адал явдлыг өгүүлэх энэхүү анимэйшн нь өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд 135 сая долларын өртөгтэй бүтээгдэж одоогийн байдлаар 245 саяыг олоод байгаа юм. Дашрамд дурдахад Холливудын од Жонни Депп Rango гүрвэлд дуу оруулсан аж. Н.Өрнө    
Shuud.mn
Сонин хачин