Ж.Алдаржавхлан: Иргэдийн өргөдлийг гуравдугаар сарын 10-наас хүлээн авна
2012-02-28

Орон сууц санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлантай зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар цөөн хором ярилцлаа. -“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох журмыг Засгийн газар баталсан. Орон сууц санхүүжилтийн корпораци /ОССК/ бэлтгэл хэр зэрэг явж байна вэ? -Бид бэлтгэл ажлаа хийж байна. Орон сууц санхүүжилтийн корпорацийн хувьд хоёр хүсэлтийг хүлээж авах юм. Нэгдүгээрт анх удаа орон сууц авч байгаа гэсэн лавлагааг иргэд авчрах ёстой. Хоёрдугаарт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас орон сууцны жагсаалтыг баталсан. Үүнд батлагдсан барилгын төслүүдээс иргэд орон сууцаа сонгосон байх ёстой юм. Бидний зүгээс энэ хоёр хүсэлтийг иргэдээс хүлээн авч, арилжааны банкуудад хуваарилна. Одоогоор 2-3 арилжааны банк бий. Гэхдээ цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Эдгээр банкиар дамжуулан эх үүсвэрийнх нөөцтэй нь уялдуулж хуваарилах юм. -Иргэд арилжааны банкууд руу шууд очиж болохгүй юу? -Банкууд руу шууд явуулъя гэхээр банк өөрсдийнхөө зээлдэгчдэдээ энэхүү хөнгөлөлттэй зээлийг өгөх хандлага ажиглагдана. Түүнчлэн уг зээлийг зорилтот түвшний бус хүмүүст өгөх магадлал өндөр байгаа. Тиймээс ОССК-д хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн материал банкинд очих байдлаар зохицуулсан юм. -ОССК-д хүсэлтээ хүргүүлсний дараа иргэдийн материал буцна гэсэн ойлголт байхгүй биз дээ? -Бид зөвхөн хоёр зүйлийг тодорхойлно. Харин банк өөрсдийнхөө шалгуур болох сарын орлогынхоо 45 хүртэлх мөнгөөр зээлээ төлж чадах уу гэсэн нөхцөлүүдээ тавина. Хэрэв иргэдийн орлого хүрэхгүй бол банк зээлийг олгохгүй байх эрхтэй. -Иргэдийн хүсэлтийг хэзээнээс хүлээн авах вэ? -Бид ирэх сарын 1-нээс иргэдийн өргөдлийг хүлээж авна. Манай сайт болох www.ossk.mn-ээс мэдээллээ авч болно. Харин орон нутгийн иргэд шуудангаар өргөдлөө өгч болох юм. Үүнийг бид харьяа банкууд руу нь албан тоотоор зээлийн тодорхойлолтыг явуулна. -Иргэдийн хүсэлт буцах магадлал хэр байгаа вэ? -Банкуудын шалгуурт нийтэж байвал иргэдийн хүсэлтийг буцаана гэсэн ойлголт бага. Манай зүгээс өөрсдийн тодорхойлох ёстой хоёр тодорхойлолтоо гаргаж өгөөд шууд банкууд руу иргэдийн өргөдлийг хуваарилах юм. -Зээлийг хэдий хэр хугацаанд шийдвэрлэх вэ? -Арилжааны банк ажлын 15 хоногийн дотор зээлийн хүсэлтийг шийдвэрлэнэ. -Засгийн газрын энэ шийдвэр гарахаас өмнө ОССК-д иргэдийн зүгээс хэр их өргөдөл, хүсэлт ирсэн бэ? -Манайх өргөдөл авах хүсэлтээ түр зогсоогоод байсан. Ирэх сарын 10-нээс өргөдлөө авч эхлэх гэж байна. С.Заяа
Shuud.mn
Сонин хачин