Нийслэлийн удирдлагууд Эрээн хотод ажлын айлчлал хийлээ
2012-02-29

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг тэргүүтэй Улаанбаатар хотын удирдах албаны төлөөлөгчид өчигдөр БНХАУ-ын Эрээн хотноо ажлын айлчлал хийлээ. Эрээн хотод Монгол Улсын 700 гаруй иргэн 10-аад жил амьдарч аж төрдөг бол 300 гаруй хүүхэд тус хотод сургуульд сурдаг аж. Тэдний дунд Улаанбаатар хотын иргэд дийлэнх байдаг тул тэдний ажиллаж амьдрах, сурч боловсролын асуудлаар Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг саналаа хэлэв. Мөн тэрбээр Улаанбаатар хот Эрээн хоттой дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг олон асуудлаар хамтран ажиллах, суралцах шаардлага бий гэдгийг мэдэгджээ. Эрээн хотын дарга Бао Цүнмин хоёр хотын хооронд шууд нислэг үйлдэх зөвшөөрөл авахад Улаанбаатарын удирдлагууд туслахыг хүсэв.   Уулзалтын үеэр Эрээн-Улаанбаатар хооронд хатуу хучилттай авто зам барих, эдийн засгийн хамтарсан бүс байгуулах, Улаанбаатарт Эрээн хотын Төлөөлөгчийн газар байгуулах, Эрээн хотод Буриад, Монгол багшийн сургуулиудын салбар сургууль нээх зэрэг олон асуудлыг талууд ярилцлаа. Эдгээр ярилцсан асуудлуудаар ажлын хэсэг гарган, төлөвлөгөө боловсруулж, бодит үр дүнд хүргэнэ гэдгээ Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ. Энэ өдөр Улаанбаатарын төлөөлөгчид Эрээн хотын Нисэх онгоцны буудал, төмөр замын тээвэр зуучлалын ложистик үйлчилгээ, эмнэлэг зэрэг газруудаар орж үйл ажиллагаатай нь танилцсан байна.   П.Наран  
Shuud.mn
Сонин хачин