Түүхий хуулиас болж Арбитрын шүүхэд дуудагдсан Монгол улсын нэр хүнд Олон улсын хэмжээнд унаж байна
2010-12-08

Уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин өдрөөс өдөрт доройтож уул уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдах ямар ч нөхцөлгүй боллоо. МУ-ын эдийн засгийн хөгжлийн тулгуур болох уул уурхайн салбар, тэр дундаа алт олборлогч аж ахуйн нэгжүүд МУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан ба Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг, Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг үйлдвэрлэж, энэ салбарт 47 мянга гаруй хүн ажиллаж байна.

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай 2006 оны хууль батлагдсанаар МУ-д алт олборлолт эрс багасаж, үүгээр ч үл барам ОУ-ын Арбитрын шүүхэд дуудагдаж МУ-ын нэр хүнд ОУ-ын хэмжээнд унаж, энэ хууль ямар хохирол авчирсныг өнөөгийн үүссэн нөхцөл байдал харуулж байгаа. 2011 оны 1-р сараас дээрхи хуулийг цуцалснаар алт олборлогчид компаниудын үйл ажиллагаа жигдэрч, МУ-ын Эрдсийн санд ихээхэн хэмжээний баялаг бий болж эдийн засгийн хөгжил баталгаажина гэсэн ирмүүн сэтгэгдэл алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд байсан. Гэтэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг  хориглох тухай 2009 оны хууль гарч Хамтарсан Засгийн газрын дараахь дэвшүүлсэн амлалт, зорилт хэрэгжихгүй болох нь тодорхой байна:

1.    Бизнесийн хөгжлийг шинэтгэх жил, түүгээр дэвшүүлсэн амлалт, зорилт 2.    Уул уурхайн салбараас олсон орлогыг шударгаар хуваарьлах, хувь хүртээх 3.    Ядуурлыг буруулах 4.    Ажилгүйдлийг буруулах 5.    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх 6.    Банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэх гэх зэрэг олон амлалтууд биелэх боломжгүй болж байгаад баялаг бүтээгч, татвар төлөгч, ажил олгогч бид нар гүнээ харамсаж байна.

Дээрх урт нэртэй хууль хэрэгжиснээр хувиараа алт олборлогчдын эмх замбаараагүй байдал газар авах, байгаль орчин хариуцах эзэнгүй болох, сүйтгэгдэх, төрийн сан хөмрөгт тушаагдах татвар, хураамж эрс багасах, далд эдийн засаг цэцэглэн хөгжих, ажилгүйдлийн тоо нэмэгдэх, ядуурал газар авах, 2000 гаруй тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөрийг хаанаас ямар эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй байгаа нь эргээд шударгаар ажил хөдөлмөрлөж хийж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн төлсөн татварын мөнгөөр нөхөн олговор олгох нь МУ-ын Үндсэн хуулийн үзэл баримтлал, Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай ОУ-ын Пакт зэрэг хууль тогтоомжийг зөрчиж байгаа ба шударга ёсонд нийцэхгүй байна. Дэлхийн улс гүрнүүд өөрсдийн эдийн засгийн хөгжлөө баталгаажуулахын тулд “цаасан мөнгө” цуглуулах бодлогоос татгалзаж алт үнэт металлыг хуримтлуулан эрдсийн сан нөөцөө арвижуулах бодлогыг баримталж байхад МУ энэ бодлогын эсрэг явж байгаа нь дээрхи хуулиуд батлагдсанаар илэрч байна.

Иймд Уул уурхайг хамгаалах хөдөлгөөнийг байгуулж, МУ-ын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн, нийтлэг эрх ашгаа хамгаалах, улс эх орны хөгжилд хувь оруулахын төлөө уурхайчин та бүхнийг болон энэ салбарт ажиллаж буй бусад аж ахуйн нэгж, иргэн, байгууллагыг нэгдэн орохыг уриалж байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн сөрөг үр дагаврыг хохирол багатай даван туулах, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжсэн бодлогоор хангах, харилцан бие биеэндээ ашигтай байдлаар хамтран ажиллах саналыг хүлээн авахад бид хэзээ ч бэлэн.

БИД БОЛ АРД ТҮМНИЙ НЭГ ХЭСЭГ “УУЛ УУРХАЙН САЛБАРАА АВАРЬЯ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

Монгол шуудан-46 ш/х-43, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Алтай Бьюлдинг, VI давхар, Утас:55252222, Факс 50002277
Shuud.mn
Сонин хачин