Хаалганы цаана…
2012-03-02

Гадаа хаврын урь оржээ. Шувууд жиргэж, хүүхэд багачуудын цангинасан дуу, хөгжилтэй инээд, дэргэдүүр өнгөрөх хөнгөн нимгэн хувцасласан хүмүүсийн амгалан царай. Өвлийн жаварт хүмүүс яаруухан алхалдаг байснаа больж, аажуу тайвуухан зорьсон газар руугаа явж одно. Тэд цөм  нийслэл хотын хаа  нэгтээ байх гэртээ,  ажилдаа ордог өнгө бүрийн хаалгаар дотогш орсоор л....  Хаалга бүрийн цаанаа өөр өөрийн түүхтэй, нууцтай, айдастай нулимстай, амжилт бүтээлээр арвин гээд л түмэн янзын амьдрал үргэлжилнэ. Гэвч орчин цагт эдгээр хаалгаар дотогш орохыг хүсвэл найрсаг дотноор хүлээж авах нь хэд байгаа бол. Монголчууд эрт дээр үеэс орсон гарсан айлчин гийчиндээ цай сүүнийхээ дээжийг  өргөн барьж, мэнд устай, тусалж дэмжиж анхаарлаа хандуулахдаа ч өгөөмөр сэтгэлээр хандаж ирсэн. Гэвч өнөөдөр танихгүй зочинд найрсаг хандах нь бүү хэл хажуу хаалгандаа ямар хүн аж төрдөгийг, зэргэлдээ хашаанд нь хэнийх гэдэг айл хэдүүлээ ямаршуухан амьдардагийг ч мэдэхгүй, мэдэхийг хүсдэггүй болсон гэмээр. Хүн хүндээ итгэхийн аргагүй болсон цаг, би л болж байвал бусад нь надад хамаагүй гэсэн хувиа хичээсэн аминчхан бодолтой болцгоосон гэвэл хилсдэхгүй болов уу. Дотроосоо, гаднаасаа дангинтал түгжиж орхидог тэр л хаалганы цаана хичнээн хүүхэд ээж аавыгаа хүлээн хаалга ширтэж, чимээ чагнан ганцаараа бүлтэлзэж суугааг ч таах аргагүй. Үр хүүхдээ гэртээ үлдээж, “удахгүй ирнээ, уйлж болохгүй шүү” хэмээн захиж гаднаас нь түгжиж орхиод, хожим харамсах ч багадмаар зовлон шаналалд унана гэдэг үгээр  хэлж барамгүй харуусал билээ. Ийм л нэгэн харуусал хоёрхон хоногийн өмнө нэгэн эхэд тохиожээ. Орчлонгийн сайн сайхныг мэдрэхсэн гэж өдөр өдрөөр өсч өндийж явсан таван настай, долоон настай хүү охин хоёроо хоёрхон цаг гэрт нь үлдээгээд гаднаас нь цоожлоод явахдаа эргээд ирэхэд хүлээж суугаа хоёр үр нь биш, хар нүүрс болон шатсан байшингийнх нь буйр угтана гэж зүүдлээ ч үгүй явсан бизээ. Өнгөрөгч лхагва гаригийн 14.00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны Зүүн тасганы  IХ гудамж …дугаар тоот хашаанд айлын байшин шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах … ангийн аврагчид ажиллаж,  галыг унтраахад байшин дотор 5-7 насны хоёр хүүхэд гаднаасаа цоожлуулсан байдалтай нас барсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Хаягийн дагуу тус дүүргийн наймдугаар хороог зорин очиж, хорооны Засаг даргаас тодрууллаа. “Тэр айл оны өмнөхөн Хөвсгөл аймгаас ирсэн. Ам бүл дөрөв, Өрх толгойлсон эмэгтэй, өөрийн эрэгтэй дүү, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан гэдгээс өөр мэдээлэл бидэнд алга. Хэд хоногийн өмнө энд оршин суудаг гэсэн баримт авахаар ирлээ гэхэд нь ямар ч бичиг баримт байгаагүй тул хуучин оршин сууж байсан газраасаа ямар нэгэн нотлох баримт авчир гээд буцаасан. Гал гарах үеэр тэр айлд хоёр хүүхэд нь цоожтой үлддэг тухай мэдээлэл бидэнд байсан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй л болов уу. Ер нь манай хорооны нутаг дэвсгэр хотын төвтэй ойрхон болохоор түрээслэж амьдардаг иргэд олонтой. Тэдний хашааны эзэн нь гээд нэг залуу бий. 3-4 айлыг түрээсээр гэр байшинд амьдруулдаг, түрээслэгчид нь 2-6 сар болоод л нүүгээд явчихдаг юм. Түрээсийн айлуудыг хороон дээр ирж, түр оршин суух хугацаандаа бүртгэлд хамрагд гэхэд тоохгүй явсаар нэг л мэдэхэд нүүгээд явсан байдаг” гэв. Хороон даргаар дээрх айлын хаягийг заалган Телевизийн  гудамжаар нилээдгүй хайлаа. Гудамжны  хаягжилт  байхгүй, хаалга дугаарын тэмдэглэгээ муу, муруй тахир, мухар гудамжнууд, Гал унтраах ангийн автомашин багтах аргагүй нарийн.  Ийм л гудмуудаар галын машин хичнээн хугацааг зарцуулж байж хүрэх газраа хүрдэг гэдгийг таах  аргагүй.  Удтал хайж, хүмүүсээс асууж сурагласаар зорьсон газраа ирэв. Зэргэлдээх айлуудаас нь юу болсныг асуух гэсэн ч хаалганууд нь цоожтой. Харин эзэнтэй нэгэн нь “Мэдэхгүй” гэдгээс өөр хариулт өгсөнгүй. Уг нь хажууханд нь байгаа айлын хүмүүстээ захиад, айл хөршүүдийн амь нэг амьдардаг бол дээрх харамсалтай хэрэг гарахгүй ч байсан байж болох. Энэ мэт бага насны хүүхэд гэрт, байшинд гаднаасаа цоожтойгоор гал түймэрт өртөн амь насаа алдсан гэх хэргүүд цөөнгүй гарч байна. Сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр нийслэлд жилд дунджаар 1400 гаруй удаагийн обьектын болон ой, хээрийн түймэр гарч, 30 гаруй хүн амь насаа алддаг гэнэ. Амь насаа алдсан иргэдийн  дотроос гэртээ харгалзах хүнгүй үлдсэн бага насны хүүхэд нилээдгүй хувийг эзэлдэг байна. Манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин сууж буй.  2000 онд нийслэлийн нэг км2 нутаг дэвсгэрт 162 хүн оршин суудаг гэсэн тооцоо гарч байсан бол 2011 онд энэ тоо 247 болж нэмэгдэн, хотын хүн амын нягтрал сүүлийн жилүүдэд  12 орчим хувиар өсчээ. Хөдөө орон нутгаас нийслэлийг зорьсон иргэд хотын захаар гэр барин суурьшиж, эсвэл хотын төвөөр  түрээсийн хашаа байшинд амьдардаг гэнэ. Хотыг зорьж, амьдралаа чанараа сайжруулахыг хүссэн иргэдийг буруутгах аргагүй. Гагцхүү иргэнийхээ үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түр оршин суугчаар бүртгүүлдэг, тухайн хороо тэднийг бүртгэж аваад хүүхэд багачуудыг нь сургууль цэцэрлэгт завсардуулахгүй байх тал дээр тусалж дэмждэг хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Нөгөө талаар хотынх, хөдөөнийх гэж ялгахгүй нэг асуудал бол сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж. Нийслэл хотын хэмжээнд жилд дунджаар таван сургуулийн өргөтгөл, хоёр сургууль, 10 гаруй цэцэрлэг нэмж барин ашиглалтад оруулдаг гэдэг.  Гэвч сургуулийн насны нийт хүүхдийн 90 гаруй хувь, цэцэрлэгийн насны хүүхдийн 70 орчим хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай гэдэг. Үлдсэн хүүхдүүд нь гэртээ эмээ өвөө, ээж аавынхаа асрамжинд. Гэвч эмээ өвөө нь хол амьдардаг ээж аав нь ажилтай бол хүүхдүүдийг аанай л гаднаас нь цоожлоод явдаг.  Гадаадын зарим улс орнуудад хүүхдийг гэрт нь насанд хүрсэн хүнтэй үлдээлгүй ганцааранг нь цоожлоод орхивол хүндхэн асуудалтай тулгардаг гэнэ. Зүгээр ч нэг хариуцлага бус эцэг эх, асран хамгаалагч байх эрхийг нь хүртэл хасдаг гэнэ. Монгол улс хүүхдийн төлөө “За гэж хэлье” уриатай. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус олон ч байгууллага бий. Тиймдээ ч түгжээтэй хаалганы ард ээж аав, эмээ өвөө ах эгчийгээ хүлээн хичнээн хүүхэд гэртээ бүлтэлзэж суугааг олж тогтоон, тэднийг ганцаараа биш, том хүнтэй гэртээ үлдэх ёстой гэдэг эрхийг нь ойлгуулаад өгөөч.  Тэд “цоожтой хаалга”-ны цаана уйлж бус, үеийнхэнтэйгээ инээж, баясаж, тоглож наадаж, сурч хүмүүжих эрхтэй.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
p_deegii:
yamr uruvdmuur yum be. yr huuhdee aldan gedeg yamr hetsyy gedgiig hun buhen medeh bha. uuchlaarai iim yum bolsond setgelee bariraarai. hund hetsyy tsagt tengeree haran tevcheer tenhee avaarai. huuhduudiinhee hiij chadaagui huuhduudiinhee h\uzej chadaagui ter buhniig hiihiin tuld hicheegeerei. hund mash hund bgaaag chini medej bna aa gehdeezaaval hicheegeerei uurtei buruug bitgii uguurei. amidral urt bolhoor ih zuiliig uzne gehdee dandaa sain saihan zuiliig uzne gej uurtuu heleerei. setgeler changa bgaarai. mash ih haramsaj bna. tenheetei bgaarai
2012-03-02
zochin:
niigem n iim bolhoor yaltai bilee dee ug n mongol humuus maani mongolooroo l bwal saihan bna daa
2012-03-02