УИХ-ын дарга илгээлт явуулав
2012-03-09

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаархи төрийн үзэл баримтлал” сэдэвт үндэсний чуулганд оролцогчдод өнөөдөр илгээлт явуулж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Монголын ард түмэн “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үйлстээ жилээс жилд амжилт олж, нийгэмд дэвшилт өөрчлөлт гарсаар байна. Төрийн хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагын санал санаачилгыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэхэд Улсын Их Хурал ихээхэн анхаарал тавьж ирсэн. УИХ 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хууль баталсан. Мөн иргэдийн зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр засагт хандаж харилцах боломжийг олгосон олон хууль, тогтоомжуудыг Та бид дагаж мөрдөж байна. Ихэнх мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүдийн чиг үүргийг холбогдох хуулиар тодорхойлж өгснийг Улсын Их Хурлын дарга илгээлтдээ тэмдэглэжээ. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгийг УИХ батлан гаргасан. Төрийн бодлогын эдгээр тулгуур баримт бичигт тусгагдсанаар улс орны хөгжилд иргэн бүр хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийг дээдлэн ажиллах явдал билээ. Энэ бүх үйл явц эвлэлдэн нэгдсэн иргэний нийгмийн байгууллагуудаар дамжин хэрэгжиж байна. Ардчилсан тогтолцоог төлөвшүүлэн бүрдүүлэх, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрийг бэхжүүлэх нь өнөөгийн нэн чухал зорилт юм. Энэ удаагийн УИХ иргэд төрийн захиргааны байгууллагуудаас мэдээлэл олж авах, байгаль экологи, нийгмийн зарим асуудлаар шүүхэд гомдол гаргах, эдийн засаг нийгмийн хөгжил, улсын төсөв хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих эрхийг баталгаажуулав. УИХ-ын үйл ажиллагаанаас эхлээд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод болгож байна. Шүүхийн шийдвэрийг ч ил тод хэвлэн нийтлэх болж байна. Энэ бүхэн нь иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа бодитой явуулах аятай нөхцөлийг бүрдүүлж байна. Иргэний нийгэм үүсч байгуулагдах нь ардчилсан нийгмийн хөгжлийн зайлшгүй үзэгдэл, үйл явц болон өрнөж байна. Өнөөдөр Монгол Улсад иргэний нийгмийн 12 мянга гаруй байгууллага бүртгэлтэй, ажиллаж байгаа нь манай нийгэмд тоон талаасаа хангалттай юм. Харин иргэний нийгмийн байгууллагын цаашдын үйл ажиллагааны төлөвшлийн асуудалд онцгой анхаарах нь чухал байна. Чухам ийм нөхцөлд “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаар төрийн үзэл баримтлал” сэдэвт үндэсний чуулгыг зохион байгуулж байгаа нь цагаа олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна гээд төр, иргэний нийгмийн аль аль нь ардчилсан засаглалын үнэт зүйлс, зарчмыг үйл ажиллагаандаа үндсэн чиглэлээ болгон, хуулийг дээдлэн түүний хүрээнд ажиллах нь нэн чухал болохыг тэмдэглэж байна гээд нийгэм тогтвортой урагшлан хөгжихөд Та бүхний оруулах хувь нэмэр үлэмж их билээ. Иргэдийнхээ тэгш эрх, тэгш боломж, тэгш хөгжилд Улсын Их Хурал цаашид ч анхаарал тавих болно гэсэн байна. Б.Саруул
Shuud.mn
Сонин хачин