Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улс оролцож байна
2012-03-10

Дэлхийн аялал жуучлалын томоохон үзэсгэлэнгийн нэг болох “ИТБ Берлин” үзэсгэлэн энэ өдрүүдэд Берлин хотноо болж байна. 46 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэнгийн ёслолын ажиллагааг нээж “Мессе-Берлин”  ХХК-нийн Ерөнхийлөгч Раймунд Хоош, Берлин хотын амбан захирагч Клаус Воверайт, Холбооны Эдийн засаг технологийн сайд Филипп Рөслер, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Клаус Лэпплэ, Дэлхийн аялал жуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, түнш орноор оролцож буй Египет Улсын аялал жуулчлалын сайд Моухир Факри Абдул Нур нар үг хэлжээ.   Энэ удаагийн үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар тэргүүлэн оролцож байна. Үзэсгэлэнд Монгол Улсаас гурван  авиакомпани, тухайлбал, МИАТ,” Изинес”, “Монголиан айрланз”, мөн  тур оператор болох “Ар Монгол”,  “Жуулчин”, “Натур тур”, “Мат”, “Монголиан адвенчэр турс”, “Цолмон травел”, “Селена травел” компани оролцож байна.   Сайд Д.Цогтбаатар үзэсгэлэнгийн хүрээнд Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Парламентын ТНБД бөгөөд Холбооны Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Бүрэн эрхт төлөөлөгч Э.Бургбахер, Мессе-Берлин ХХК-нийн Ерөнхийлөгч Р.Хоош нартай уулзалт хийж, хоёр орны хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцоно.   ИТБ 2012 үзэсгэлэнгийн зохион байгуулалтын асуудлыг  Монголын аялал жуучлалын холбоо хариуцан ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд Берлин хотын "Кудамм" хэмээх худалдааны гудамжинд байрлах Европ Төвд "Дээлтэй Монгол" арга хэмжээг энэ сарын 8-нд  өдөр зохион байгуулжээ.   Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлсэн байна.  Энэ үеэр ардын урлагийн "Түмэн Эх" чуулгын цөөхүүл хөгжимчдийн тоглолт, “Торго” салоны загварын үзүүлбэр зэргийг үзүүлж, Монгол Улсаа сурталчилжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин