Энхийг сахиулагчид Налайх дүүрэгт
2012-03-12

Дэлхийн талыг морин туурайгаараа тамгалсан Эзэн Чингис хааны үр сад  улс орнуудыг дайлаар мордож явсан түүхтэй. Харин энэ цагт даян дэлхийн энх тайвны төлөө, дайны хөлд нирвэгдэж буй эгэл жирийн ард түмний төлөө монголын цэрэг эрс НҮБ-ын Энхийг сахиулагчдтай мөр зэрэгцэн алхаж явна. 2002 онд анх Бүгд найрамдах ардчилсан Конго улсад цэргийн ажиглагч илгээснээс хойш өнөөг хүртэл дэлхийн 10 оронд 5600 орчим албан хаагч энхийг сахиулаад байгаа аж. Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 10 жилийн ой ирэх тавдугаар сарын 23-ны өдөр тохионо. Ойн өдрийг угтан БХЯ, ЗХЖШ-аас энхийг сахиулагчдын үйл ажиллагааг ард иргэд, хүүхэд залууст сурталчилан таниулах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд нийслэлийн Налайх дүүргийн Соёлын ордонд өнгөрөгч амралтын өдөр энхийг сахиулагчдын үйл ажиллагааг сурталчилах ээлжит өдөрлөгийг зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 91 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд зохиогдож байгаа энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Энхийг сахиулагчдын төлөөлөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн  цэргийн штаб, Зэвсэгт хүчний … дугаар  цэргийн ангиудын төлөөлөл, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон Налайх дүүргийн иргэд, залуучууд оролцов. Нээлтийн үеэр ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагийн газрын дарга, Бригадын генерал Бадамбазар “Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид дэлхийн халуун цэгүүдэд очиж үүрэг гүйцэтгэсний арав дахь жилийн ой тохиож байна. Монгол цэргийн сүр хүчийг зөвхөн эх орондоо зориулах бус НҮБ-ын энх тайвны үйлсэд нэгдэж, Ирах, Судан, Чад, Серре Леон зэрэг улс орнуудад ажиллагаанд оролцож байна. НҮБ төдийгүй дэлхийн бусад орны энхийг сахиулагчид монгол цэргийн тэсвэр тэвчээр, ур чадвар, дасан зохицох байдлыг өндрөөр үнэлдэг. Жилээс жилд энхийг сахиулагчдийн багийн бүрэлдэхүүний тоо нэмэгдэж байна. Энэ онд хамгийн том буюу 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулна. ” гэв.   Өдөрлөгийн үеэр ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах ажилтан, дэд хурандаа н.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 015дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр, ЗХ-ний 124 дүгээр ангийн ахмад н.Туяа,  БХИС-ийн Ахлагчийн сургуулийн дамжааны багш, ахлах ахлагч, Иракийн хоёрдугаар ээлжинд үүрэг гүйцэтгэгч  Ш.Самбуу-Ёндон нар энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан тухайгаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв. Мөн энэ өдөр18 нас хүрсэн зургаан залууд “Цэргийн үүрэгтний үнэмлэх”-ийг нь ёслол төгөлдөр гардуулан өглөө.   Өдөрлөгийн  удаах хэсэгт Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, Налайх дүүргийн иргэдэд цэрэг эх орны сэдэвт дуу хуур, бүжгийн тоглолтоо сонирхуулав. Үүний дараа өдөрлөгийн сүүлийн хэсэг болох Энхийг сахиулагчдийн үйл ажиллагаа, хувцас техник хэрэгсэл зэргийг дэлгэн тавьсан үзэсгэлэнгийн танхимд Налайхчуудыг урив. Энэ үеэр хүүхэд залуус цэрэг хүн болох, энхийг сахиулагчид орчин үеийн зэр зэвсэгтэйгээр НҮБ-ын ажиллагаанд оролцдог гэдгийг танилцууллаа.   Энэ үеэр ЗХЖШ-ын иргэн цэргийн харилцааны  хэлтсийн дарга дэд хурандаа З.Баярмагнайтай цөөн хором ярилцлаа. -Өдөрлөгийнхөө талаар товч танилцуулаач? -Энэ онд энхийг сахиулагчдыг НҮБ-ын ажиллагаанд оролцуулсны 10 жилийн ой тохиож байгаа. Ойг угтан ЗХЖШ-аас олон төрлийн ажил санаачилж эхэлсний нэг нь “Энхийг сахиулагчдын үйл ажиллагааг танилцуулах” өдөрлөг юм. Өмнө нь Баянзүрх, Баянгол дүүргүүдэд зохион байгуулж, энгийн иргэд залуучуудыг оролцуулсан. Ер нь энхийг сахиулагчдын талаар иргэдийн мэдээлэл бага, гадаад улс орон луу явсан цэргүүд ирээд шагнал, одон медалиар шагнуулдаг гэсэн ойлголттой л байдаг.  Гэтэл яг одоо энхийг сахиулах ажиллагааны үеэр ямар байдаг, тухайн үеийн цагийн байдал, эрсдэлтэй тал зэрэг мэдээлэл өгөхөөр энхийг сахиулагчдийн төлөөлөл оролцож иргэдэд мэдээлэл өгч байна. -Ойн баяраа уламжлал ёсоор цэргийн ангиудын жагсаал, үзүүлэх тоглолт зэргийг сонирхуулах уу? -Энэ жил арай өөрөөр хийх бодолтой байгаа. Тавдугаар сарын 26-нд тохиох Энхийг сахиулагчдийн өдрийг Сүхбаатарын талбайдаа зохион байгуулна. Гэхдээ Энхийг дэмжигчдийн үдшийн цэнгүүн маягаар дуу хуур цалгисан нэгэн үдшийг нийслэлчүүддээ зориулахаар бэлтгэл ажилдаа орсон байгаа.  Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн амьд хөгжмийн тоглолттой, шоу маягаар зохион байгуулах бодолтой байгаа. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Монгол иргэн:
Налайхын чиглэлд явдаг 1 хаалгатай автобуснууд болимоор юмаа. Маш хүндрэлтэй байна шдээ!!! Хүн зөрж, сууж ч болохгүй та нар болилдоо...
2012-09-03