Цэвэр усны дутагдлаас болж жилд 2.5 сая хүн нас бардаг
2012-03-22

“Ус чандмань эрдэнэ” гэдэг дээ. Гэтэл энэ үгийн үнэ цэнийг хүмүүс тэр бүр ухаж, ойлгохгүй байх шиг. Жилээс жилд байгалийн хүчин зүйлээс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас болж хүн төрөлхтний бараг тэн хагас нь “усны өлсгөлөн “-г  амсч байна. Цэвэр усны дутагдлаас болж жилд нас барж байгаа 2.5 сая хүний 1.5 сая нь хүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл, 20 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг хүүхэд цэвэр усны гачигдлаас болж амиа алддаг гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд ч цэвэр усны нөөц багатай орнуудын тоонд ордог.Тэгсэн хэрнээ цэвэр усаа үнэгүй хэрэглэдэг бас цөөхөн орны тоонд ордог. Хүн, амьтны амьд явахын баталгаа болж байгаа цэвэр ус үнэгүй байгаагаас олон тонноор асгарсан усанд хариуцлага хүлээх хүн өнөөдөр алга л байна. Бидний усны мөнгө гэж төлөөд байгаа үнэ бол үнэндээ усыг ууж, хэрэглэснийхээ  төлөө биш бидэнд хүргэх гэж зөөвөрлөсний л хөлсийг бид төлдөг шүү дээ.   Сул асгарч байгаа цоргоноос нэг минут хүрэхгүй хугацаанд ойролцоогоор 60 литр ус асгардаг гэдэг. Өөрөөр хэлбэл, цагт 3600, өдөрт 86400 литр цэвэр ус зүгээр л урсаад өнгөрдөг байх юм. Харин энэ тоог бүтэн сараар нь үржүүлбэл 2678400 литр цэвэр ус сул асгардаг байх нь. Энэ их ус цэвэр, усны нөөц дууссан тохиолдолд нийслэлчүүдийг бүтэн сар хангах ус гэж болохоор даанч харамсалтай. Уг нь дэлхий нийтээрээ нэг хүний усны хэрэгцээг өдөрт дунджаар 30-50 литр гэж тодорхойлсон. Харин манай улсад гэр хорооллын нэг иргэн өдөрт долоон литр ус хэрэглэдэг байхад орон сууцанл амьдардаг нэг иргэн өдөрт 290 л ус хэрэглэдэг байна. Ийнхүү иргэдийн үрэлгэн зангаас болж усны нөөц өдөр ирэх бүр багассаар л ..   Түүнээс гадна голын эхэнд гольдролыг өөрчилж, алт ухдаг орон манайхаас өөр байхгүй байгаа талаар зарим нэг хүн шүүмжилдэг Уул уурхайн сөрөг нөлөөллөөр 5128 гол горхины 852 нь, 9306 булаг шандын 2277 нь, 3747 нуур цөөрмийн 1181 нь, 429 рашааны 60 нь ширгэж хатсан  гэсэн мэдээлэл өнгөрсөн жил гарч байсан. Зөвхөн сүүлийн 20 гаруй жилд л гэхэд газар нутгийн 53 хувь уул уурхайн ашиглалтад өртөж, ойн сангийн 20 хувь бүрэн устсан гэж ярьдаг. Уул уурхайн сөрөг нөлөөллөөс болж голын гольдрол, усны нөөцөд өөрчлөлт орж, ялангуяа усны бохирдол маш ихээр бий болсон гэдэг нь маргахын аргагүй үнэн.   Харамсалтай нь монголчууд дундарч, шавхагдашгүй усны нөөцтэй мэт аашлан асгаж, цутгасаар, гадаадынханд ч найр тавин өчүүхэн бага төлбөрөөр ашиглуулсаар л. Уул уурхайн томоохон компаниуд ихэнхдээ газрын доорхи усыг хэрэглэдэг. Ялангуяа говийн бүсэд ашигт малтмал олборлогчдын хувьд бэлэн ус гол, мөрөн байх биш.   Уул уурхайн томоохон компани ашигт малтмал олборлоход ашигласан нэг тонн усны төлбөрт зургаан төгрөг төлдөг гэвэл итгэх хүн тийм ч олон биш байх. Жирийн иргэд ундны нэг литр усыг 1-3 төгрөгөөр худалдан авч байхад хөрөнгө чинээ нь хэдэн тэрбумаар тоологдох баян компани литр ч биш бүхэл бүтэн тонноор нь ус ашиглачихаад зургаахан төгрөг төлдөг гээд бод доо.   Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолжээ. Цаашлаад 2025 онд 48 орны гурван тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж тэд бас тооцолсон байна. Цаашид хүн төрөлхтөн усыг хязгаартай хэрэглэхгүй бол хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж амьдралын  гол эх үүсвэр болох цэвэр ус улам бүр багасч байгаа. Тиймээс Дэлхий нийтээрээ усны өдрийг тэмдэглэж байгаа энэ өдөр усаа хайрлахыг хүн бүрт уриалмаар байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Olzii:
Bi hussen medeelee avsan byrlla
2017-12-20