Сагсан бөмбөгийн идэрчүүдийн УАШТ эхэллээ
2012-03-23

МСБХ-ноос зохион байгуулж байгаа томоохон тэмцээн уралдааны нэг өрсөлдөөн өчигдөр хөшгөө нээлээ. Сагсан бөмбөгийн идэрчүүдийн 2012 оны УАШТ өчигдөр Хан-Уул дүүргийн спорт хороон дээр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас олон баг тамирчид ирж өрсөлдөж байгаа нь тэмцээний цар хүрээ өргөжсөнийг илтгэж байлаа. Идэрчүүдийн 2012 оны УАШТ-д эрэгтэйчүүдээс Хөвсгөл, Дорноговь, Эрдэнэт, Увс зэрэг аймгаас ирж өрсөлдөж байна. Тэгвэл эмэгтэйчүүдээс Дархан, Увс, Багануур, Баянхонгор аймгаас баг тамирчид иржээ. Идэрчүүдийн 2012 оны улсын аваргууд энэ ням гарагт буюу 3-р сарын 25-ны өдөр тодорно. Өчигдөр тэмцээний эхний тоглолт эмэгтэйчүүдийн Дархан, Дорноговь аймгийн багуудын хооронд өрнөж тоглолт эн тэнцүүхэн ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн явагдаж шийдвэрлэх үед Дорноговь аймгийн баг тамирчид ялалтыг өөрийн гартаа атгаж чадсанаар 28:27 онооны харьцаагаар өндөрлөлөө. Улсын аваргад өрсөлдөх багийг аймаг, дүүргийг бүсчлэн хуваагаад бүсээс шалгаруулан оролцуулж байна. Сагсан бөмбөгийн идэрчүүдийн энэ оны УАШТ-д эрэгтэй 13, эмэгтэй 11 багийн тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэр дундаа хөдөө орон нутгаас ирсэн баг тамирчдын ур чадвар өндөр үзүүлэлттэй байгааг тэмцээний зохион байгуулагчид онцлон хэллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүд 8 минутаар 4 үе тоглох бол эмэгтэйчүүд 7 минутаар мөн 4 үе өрсөлдөнө. Эрэгтэй баг тамирчдыг 4 зоонд, эмэгтэй багийг 3 зоонд тус тус хуваасан байна. Харин МСБХ-ны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ холбооныхон сагсан бөмбөгийн Азийн ААШТ-ийг ирэх 6-р сард нийслэл Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулна. А.Алт      
Shuud.mn
Сонин хачин