Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа
2010-12-09

Дорнод аймгийн нутаг, “Баянтүмэн-XVII” талбайд Газрын тосны газар, “Магнай трейд” ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 23-нд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа.

Ингэснээр газрын тосны үндэсний компаний хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хайгуул хийж, энэ талбайг хамарсан геологи, геофизикийн анхдагч мэдээлэл, судалгаатай болно. Цаашид газрын тосны хайгуул эрчимтэй өрнөж, цар хүрээ нь тэлэхийн зэрэгцээ улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох зэрэг ач холбогдолтой юм.

“Магнай трейд” компани нь хайгуулын 5 жилд 28,9 сая ам доллар  зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд туслан гүйцэтгэгчээр манай улсын “Хэт”, “Рэдхил Монголия”, Австрали-Английн хамтарсан “Би Эйч Пи Биллитон” компани ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна.

Бүтээгдэхүүн  хуваах гэрээний үндсэн үзүүлэлт болох нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялаг ашигласны төлбөрийг 10 хувиар, өртөг нөхөлтийг 40 хувиар, сургалтын зардлыг хайгуулын 5 жилд нийт 60 мянга, Засгийн газрыг дэмжих санд жил бүр 5 мянга, олборлолт эхэлсний урамшуулалд 20 мянга, гарын үсгийн урамшуулалд 5 мянган ам доллар, Бүтээгдэхүүн хуваалтыг Засгийн газар 40 хувь, гэрээлэгч 60 хувиар эхэлж, цаашид олборлолтын хэмжээтэй уялдуулан Засгийн газарт ногдох хувийг нэмэгдүүлэхээр болжээ.

Мөн “Дарьганга-XXIV” талбайд Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайханд олголоо.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10,75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.

Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин