Томуугийн өвчлөл буурахгүй байна
2012-04-02

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн долоо хоногийн халдварт өвчний тандалт судалгааны мэдээг гаргажээ.  Өнгөрсөн долоо хоногт  Улаанбаатар хотод гахай хавдрын өвчлөлийн 358 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин ХӨСҮТ-д 226 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн тал орчим хувь нь нойр булчирхайн үрэвсэлээр хүндэрсэн өвчтөнүүд байгаа аж.   Улсын хэмжээнд  энэ өдрүүдэд 157.242 хүн амбулаториор үйлчлүүлсний 12.681 (8.1 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар илүү байна. Улаанбаатар хотод 68.810 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,581 нь ТТӨ-тэй гэж оношлогдож, нийт өвчлөгсдийн  81.8 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 53.3 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж.   Энэ жил томуугийн идэвхжил дээд хязгаарт хүрч, ихэнх улс оронд буурсан ч амьсгалын замын хүнд халдварт ихэвчлэн Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудын  65-аас дээш насныхан өртжээ. Эдгээр өвчлөгсөдийн дийлэнх нь томуугийн А (H3N2) вирусийн дэд хэвшинж зонхилж байгаа боловч томуугийн В вирус тодорхойлогдох нь нэмэгдэж байна. Мексикт томуугийн цартахлын A(H1N1), БНХАУ түүний эргэн тойрон дахь улс орнуудад томуугийн В вирүс зонхилон бүртгэгдсэн хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.   Дашрамд дуулгахад, Сүүлийн үед гахай хавдрын гаралт нэмэгдэж байгаа тул 2009 оноос эхлэн товлолын дагуу есөн сартай, хоёр настай хүүхдүүдэд хоёр удаа урьдчилан сэргийлэх вакцин тарьж байгаа аж. Энэхүү товлолын вакцинд хамрагдах нас нь хэтэрсэн болон гахай хавдраар өвчилж байгаагүй хүүхэд болон том хүн сайн дураараа гахай хавдрын вакцин тариулж болох ба ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд ажлын өдөр 9.00-15.00 цагт тариулах боломжтой юм байна.  Гахай хавдрын вакциныг нэг удаа тариулахад 80 хувь, хоёр удаа тариулахад 90 хувь хамгаална гэж үздэг ба сайн дураарай тариулахад нэг удаагийн үнэ нь 10.000 төгрөг байдаг аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин