Мах нөөцлөлтийн бэлтгэл ажилтай хотын дарга танилцав
2010-12-09

Нийслэл хотын хүнсний хэрэгцээнд хавар хэрэглэх махны нөөцийг хэрхэн бэлтгэж байгаатай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр танилцлаа. Энэ оны ес, аравдугаар сараас эхлэн мах махан бүтээгдэхүүний үнэ урьд жилүүдтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа. Энэ нь өнгөрсөн өвөл манай орны нийт нутгийг хамарсан зуднаар их хэмжээний мал хорогдсон болон энэ намар зүүн аймгуудад дэгдсэн шүлхий өвчинтэй шууд холбоотой юм. Учир нь эдгээрээс болж нийслэл хотод хөдөө орон нутгаас оруулж ирэх махны нийлүүлэлт харьцангуй багассан.

Түүнчлэн урд хөршөөс хууль бусаар манай улсад мах бэлтгэн их хэмжээгээр хил давуулах болсонтой мөн холбон үзэж байгаа юм. Гэхдээ дээр өгүүлсэн гурван асуудлаас иргэдийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал нь өмнөд хөршийн иргэд манай улсаас хууль бусаар мах бэлтгэн хил давуулж байгаа асуудал. Нийслэл хотын Захирагчийн Ажлын Алба энэ байдлыг эртнээс шалгаж хянахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад мах махан бүтээгдэхүүн хариуцсан газруудыг байлцуулан шалгалтаар явсан юм. Уг ажлын хүрээнд “Мах маркет” үйлдвэр, “Монгол мах экспо” компани, “Мах импекс” компани, “Тайж трейд” компаниар тус тус орж ажил байдал, махны нөөцийг шалгасан юм. Энэ хавар нийслэл хотын хэмжээнд хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл борлуулахаар 12.000 тонн мах нөөцлөх ёстойгоос одоогийн байдлаар 7500 тонн мах бэлдээд байгаа юм.

Уг ажил 12 дугаар сар дуустал үргэлжлэх бөгөөд захиалгат нөөцийн махыг арван аймгийн нутгаас малчин үйлдвэр хоёр шууд худалдан авалт хийхээр зохион байгуулж байгаа аж. Махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж малаа хол явуулж турааж эцээхгүй, өвчин эмгэг тусгахгүй тухайн газар дээр нь эрүүл ахуйн шинжилгээ хийж байгаа юм байна. Уг систем нь махны чанарыг алдагдуулахгүйн дээр хөдөөгийн иргэдийн сэтгэл ихэд нийцэж бас дэмжигдэж байгаа арга гэнэ. Эдгээр нөөцийн махыг хариуцаж байгаа компаниуд ариун цэврийн өндөр шаардлага хангахын дээр махны чанарт онцгой анхаарч ажиллаж байгаагаа хотын даргад хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нөөцийн мах ямар үнэ өртөгтөй гарах талаар асуухад тухайн зах зээлийн ханшаас даруй мянган төгрөгөөр хямд худалдаалагдана хэмээн хариулж байлаа.

Тэдний энэхүү асуултын хариулт буюу амлалт хэрхэн биелэлээ олохыг ирэх хавар нийслэлийн иргэд харах л үлдэж байна. Мөн нийгэмд тархаад байгаа хятадуудын мах худалдан авч нөөцлөөд байгаатай холбоотой асуудлаар хэрэгт холбогдсон компаниудад арга хэмжээ авч бэлдсэн махыг хураан авч холбогдох газруудыг шалгаж байгаа юм байна. Хятадууд манайхаас ямааны мах их хэмжээгээр авч гуравдагч орнууд болох Вьетнам зэрэг орнууд руу гараж байгаа гэсэн мэдээ байгаа юм. Мөн Засгийн газраас махны нэмүү өртөгийн албан татварын хөнгөлөх талаар хэлэлцэх тухай асуудлыг Монголын Махны холбоныхон тавиад байгаа ажээ.

Shuud.mn
Сонин хачин