Өргөтгөсөн хэлэлцээ хийв
2012-04-05

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНКиргиз Улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч Алмазбек Атанбаев нар өргөтгөсөн хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНКиргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаевт Парламентын бүгд найрамдах засаглалтай төрийн тэргүүн болсонд нь дахин баяр хүргээд “Танай улсад хийж буй бидний айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог юм” гэв. Ерөнхийлөгч А.Атамбаев хэлэхдээ, “Сая тантай ганцаарчилсан уулзалт хийх явцад Монголд киргизийн өв соёлтой холбоотой байж болох түүх соёлын дурсгал их байгааг мэдэж авлаа. Жишээ нь Монголд “Хяргас” хэмээх нуур байдаг бөгөөд бидний өвөг дээдсийн түүхтэй холбоотой байж болох юм. Мөн Фрунзийн их сургуульд сурч байсан монголын анхын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа  хүрэлцэн ирсэнд таатай байна. Өнгөрсөн түүхэнд маш олон монгол хүн Киргизэд сурч боловсорч байсан нь хоёр орны харилцааны нэгэн чухал гүүр юм. Бид цаашдаа энэ уламжлалыг хадгалж харилцаагаа шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллах хэрэгтэй” хэмээв.   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Манай хоёр улсын харилцаа тасралтгүй хөгжиж байгаа нь сайшаалтай юм. Монгол Киргиз улс хоёулаа парламентын засаглалыг сонгосон. Би өмнө нь Ерөнхийлөгч асан Роза Отунбаеватай уулзаж байсан.  Түүний ардчиллыг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож бидний туршлагаас хуваалцахыг хүссэн захидлыг хүлээн авсан даруйдаа би их талархаж энэ асуудал дээр монголын тал өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа. Энэ дагуу Киргизийн парламентын төлөөлөгчид манай улсад ирж туршлага судлан ажиллаад буцсан. Энэ бол бидний харилцаанд шинэ боломж нээгдэж байгаагийн илрэл юм. Хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь чухал асуудал. Манай улс 3 сая орчим хүн амтай бөгөөд 40 сая гаруй тоо толгой малтай, тиймээс бидэнд мал аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байна. Мөн манай хоёр орны хооронд түүх соёлын өв их уламжлал байгааг харгалзан шинжлэх ухааны академиудын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хамтарсан экспедици гаргаж түүх соёлын дурсгалт газруудыг судлах нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлж байна. Үүнээс гадна бид уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд багагүй туршлага хуримтлуулж байгааг та бүхэн мэднэ. Энэ салбарт бид ч туршлагаа хуваалцахад бэлэн байна.   Мэдээж бүх зүйл төгс төгөлдөр болчихоогүй байна. Монголын ардчилалд сорилт бэрхшээл ямагт тулгарч ирсэн. Ялангуяа ашигт малтмалтай холбоотой асуудлууд дээр маш сайн анхаарах ёстой. Миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслүүдийг санал болгосон. Шүүхийн шинэтгэлтэй холбоотой нийт 18 хуулиас одоогийн байдлаар эхний гурван хууль нь УИХ-аар батлагдаад байна. Ардчилал хөгжиж буй орны хувь заяанд хамгийн ихээр заналхийлдэг зүйл бол  авлига, хээл хахууль, хүнд суртал байдаг. Бид авлигын эсрэг тууштай тэмцэж байна. Жишээ нь манай улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдаж хууль нь батлагдаад удаж байна. Үүний хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг албан тушаалтны тоог улам бүр ихэсгэх санаачилга гаргаж байгаа. Мөн өнөөдөр Монгол Улсад төрийн оролцоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй болсон. Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд хувийнх болсон учраас төр засгаа шүүмжлэх үзэгдэл энгийн үзэгдэл. Ийм шүүмжлэл бол ардчиллын нэгэн чухал хэсэг юм. Энэ дашрамд БНКиргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаев таныг Монгол Улсад тааламжтай үедээ айлчлан ирэхийг урьж байна” гэлээ.   БНКиргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаев хариу хэлэхдээ “ Таны энэхүү урилгыг би хүндэтгэн хүлээн авлаа. Ялангуяа бидэнд Хяргас нуур болон Монголын дэлхийд алдартай хадны зургийг үзэх сонирхол их байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор хамтарсан эрдэм шинжилгээний баг гаргахыг дэмжиж байна. Манай улсын түүх ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байхад ихээхэн гуйвуулагдсан тул үнэн зөв түүхийг сэргээх, эргэн судлах талаар талаар миний бие шийдвэр гаргасан. Бид түүхээ мартаж болохгүй. Таны хэлсэнчлэн манай улс ч бас байгалийн баялаг ихтэй учраас уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага солилцох хэрэгтэй байна. Мөн МАА-н салбарт хамтран ажиллах сонирхол их байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэх нэгэн чухал зүйл бол иргэд хоорондын харицлаа юм. Бид Турк-Киргиз-Монгол буюу Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд байнгын нислэг хийх боломжтой юм. Энэ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ч бас зохих хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Монгол Улс бол парламентын засаглалыг 22 жилийн туршид амжилттай хөгжүүлж ирсэн Улс. Харин бидний хувьд хоёрхон жилийн нүүр үзэж байна. Тийм учраас бидэнд та бүхнээс суралцах зүйл их байна” гэв.   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр орны хооронд шууд нислэгийг нээж иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхийг бид дэмжиж байна. Мэдээж 22 жилийн туршид биднийг ардчиллын замналаар замнахад сорилт бэрхшээл их байсан. Гэсэн ч бид ардчиллын замыг тууштай сонгосондоо бахархаж явдаг. Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН) –ийг даргалж байгаа. Үүний хүрээнд Ази тивд ардчиллыг түгээн дэлгэрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү үйл хэрэгт танай улсыг нэгдэж идэвхитэй ажиллана гэдэгт найдаж байна. Мөн энхийг сахиулах чиглэлээр манай улс эхний 25 орны тоонд ордог. Бид өнгөрсөн жилүүдэд 6000 гаруй албан хаагчаа олон улсын энхийн мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцуулаад байна. Тиймээс бид энэ салбарт ч харилцан туршлага солилцож хамтран ажиллах боломжтой” хэмээн онцоллоо. Өргөтгөсөн хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж болох бусад боломжуудын талаар мөн санал солилцож ярилцлаа.      
Shuud.mn
Сонин хачин